Ээлжит бус чуулганд бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.21-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганд бэлдэж байна

-Засгийн газрын гишүүдийн асуудлыг өргөн мэдүүлэх субьектын тухайд албан ёсоор мэдээлэл өгөх боломжгүй-

Хаврын чуулганыг хаах үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-нд зарлан хуралдуулахаа мэдэгдсэн юм. Энэ хүрээнд бэлтгэл хэрхэн хангаж байгаа болон бусад асуудлаар УИХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батхандаас тодрууллаа.

-УИХ-ын даргын хэлсэнчлэн ээлжит бус чуулган наймдугаар сарын 3-нд зарлагдах уу. Захирамжаа хэзээ гаргах юм бол, УИХ-ын дарга?

-УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ ирэх наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулганыг албан ёсоор зарлан хуралдуулахаа мэдэгдсэн. Ээлжит бус чуулганаар Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын зарим гишүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгээ албан ёсоор хэлсэн.

УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд чуулгантай холбоотой заалт бий. Ээлжит бус чуулганыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш хувийн саналаар зарлах эрхтэй. УИХ-ын дарга энэ хуулийн 16.4-т заасны дагуу албан ёсоор ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, үргэлжлэх хугацааг товлон албан ёсоор захирамж гаргасны үндсэн дээр зарлах эрхтэй. Хуулиараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг захирамжид тусгасан байх ёстой. Одоогоор ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай УИХ-ын даргын захирамж гараагүй байна. Гэхдээ УИХ-ын Тамгын газрын зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажлыг хийж, хангаж байна.

-Ээлжит бус чуулганыг зарлах тохиолдолд тэд хоногийн өмнө УИХ-ын дарга захирамж гаргах ёстой гэсэн дэг бий юу?

-Монгол Улсын Их хурлын тухай хуульд ээлжит бус чуулгантай холбоотой заалт бий. Гэхдээ тэд хоногийн өмнө захирамж гаргасны үндсэн дээр ээлжит бус чуулганыг зарлана гэсэн заалт байхгүй.

-Сайд нарын асуудлыг өргөн бариагүй байхад ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан мэтээр ярих нь хууль зөрчлөө гэсэн асуудлыг нэр бүхий гишүүн хөндсөн. Энэ тухайд?

-УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ тухайд хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Гэхдээ хууль зөрчсөн эсэх тухайд УИХ-ын Олон нийттэй харилцах хэлтэс албан ёсоор мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн асуудлыг холбогдох байнгын хороо нь өгөх байх.

-Ээлжит бус чуулган зарлахад гишүүдийн ирц бүрдэх болов уу?

-УИХ-ын даргын захирамж гарсан нөхцөлд гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Тийм учраас гишүүд цуглана л гэж бодож байна.

-Гишүүдийн олонх нь ээлжит бус чуулганыг ирэх есдүгээр сард зарлах хүсэлт өгсөн тухай мэдээлэл бий. Албан ёсны мэдээлэл байна уу?

-Энэ бол албан бус мэдээлэл. Албан мэдэлэл бол УИХ-ын дарга хаврын чуулганыг хаах үеэрээ Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль Процессын хуулийг хэлэлцэнэ, Засгийн газрын гишүүний асуудлыг хэлэлцэнэ л гэсэн.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн нэр зааж хэлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил ажлын хэсгийн төвшинд хэр урагштай явж байдаг юм бол?

-УИХ-ын даргын зүгээс Эрүүгийн тухай хуулийн төсөл дээр тодорхой зүйл заалт дээр ажиллах шаардлага байгааг Хууль зүйн байнгын хороонд хандан чиглэл өгсөн. Энэ дагуу холбогдох байнгын хороо нь ажиллаж байна.

-УИХ-ын дарга ажиллаж байгаа юу, бусад гишүүдийн хувьд тойрогтоо ажиллаж байна уу эсвэл ээлжит бус чуулганы бэлтгэл ханган энэ зуураа ажиллаж байгаа юм болов уу?

-УИХ-ын дарга ажиллаж байна. Энэ долоо хоногт гадаад уулзалтууд нэлээд хийнэ. Гишүүдийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Д.Батцогт, Р.Амаржаргал, Д.Арвин, Ц.Оюунбаатар нарын гишүүн ажиллаж байна.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж