Н.Цэрэнбат: Эхний ээлжинд Гандангийн дэнжид амьдарч байгаа өрхүүдэд "Ногоон зээл" олгоно

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат: Эхний ээлжинд Гандангийн дэнжид амьдарч байгаа өрхүүдэд "Ногоон зээл" олгоно

Н.Цэрэнбат: Эхний ээлжинд Гандангийн дэнжид амьдарч байгаа өрхүүдэд "Ногоон зээл" олгоно

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арилжааны гурван банктай өнөөдөр байгууллаа.

Арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөр уг зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэдийн ногоон худалдан авалтыг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн 9 хувьд татаас өгөхөөр болжээ.

Нийт 3 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний дагуу иргэн Төрийн банк, Хас, Хаан банкнуудаас сарын 0.7 хувийн хүүтэй, 40 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой юм байна.

Зээлийг зөвхөн иргэнд олгох бөгөөд зээлээр авах бүтээгдэхүүн нь халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон байхаар заажээ.

“Ногоон зээл”-д хамрагдан нэг зээлдэгч 1,000,000 төгрөгийн зээл авна гэж тооцвол 33,000 гаруй өрх зээлд хамрагдах боломжтой. Зээлдэгч бүтээгдэхүүний төрөл тус бүрээс авч 40 хүртэл сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол ойролцоогоор нийт 800 гаруй өрх энэ зээлд хамрагдах боломжтой гэсэн тооцооллыг БОАЖЯ-наас танилцуулсан юм.

БОАЖын сайд Н.Цэрэнбат "Өнөөдөр "Ногоон зээл"-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил эхэллээ. Улаанбаатар хотын иргэдэд бага хүүтэйгээр цахилгаан халаагуур авч, гэр, байшингаа дулаалах боломж нээгдэж байна. "Ногоон зээл"-ийн санхүүжилтийн хэмжээ бага учраас тусгайлсан бүсийг сонгон авч үр дүнг нь харахаар болсон. Эхний ээлжинд Гандангийн дэнжид амьдарч байгаа өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Тус бүсийг утаагүй бүс болгохын төлөө хөнгөлөлтэй зээлээр гэр, байшингаа дулаалаарай, цахилгаан халаагуур аваарай гэж иргэддээ уриалмаар байна.

Банкууд өөр өөрийн шалгуураар зээлээ олгоод явах байх. Үүнээс гадна зээлээр олгох бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэгчдээс чанар, аюулгүй байдлын урт хугацааны баталгаа шаардана.

Цаашдаа нийслэлийн гэр хороолол дахь 200 мянган өрхөө "Ногоон зээл" авах боломжоор хангахын төлөө ажиллана" хэмээн хэллээ.

Эхний ээлжинд тусгайлан сонгосон бүс буюу Гандангийн дэнж орчимд 2,000 орчим өрх амьдардаг юм байна.

Түүнчлэн "Ногоон зээл"-ийн бодлогын хэрэгжилтийн агуулгыг хангах зорилгоор зээлээр олгох бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг БОАЖЯ,ОББҮХ-ноос боловсруулан банкуудад хүргүүлсэн бөгөөд уг шаардлагын хүрээнд багтсан бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цахилгааны зарцуулалт бага, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн байх аж.

Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол 2018 онд батлагдсанаар түүхий нүүрснээс татгалзах, сайжруулсан түлш, цахилгаан, халаагуур, гэр сууцаа дулаалах нэг жилийн хугацааг олгосон.

Түүхий нүүрс хориглосонтой холбогдуулан гэр, орон байрны халаалтаа эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг дэмжих зорилгоор Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолыг баталснаар дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. 2019 оны 6 дугаар сарын байдлаар 44,930 ш агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч болон бусад дагалдах хэрэгсэлд 3.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж