АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотод өнгөрсөн лхагва гаригт нэгэн этгээд хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу гал нээжээ. Гэмт этгээдийг баривчлан саатуулсан талаар тус хотын Цагдаагийн газар твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсанаар, сэжигтэнтэй буудалцах үеэр хууль сахиулахын зургаан алба хаагч шархдаж, эмнэлгийн тусламж авсан байна. Мөн хэд хэдэн цагдаа гэмтэж бэртжээ.
“Fox News”-т мэдээлснээр, гал нээсэн, 36 настай Морисс Хилл гэгч этгээд хэдэн цагийн турш нуугдаж байсан байшингаасаа гараа өргөн гарч ирэн, цагдаа нарт бууж өгсөн байна. Түүний үйлдлийг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд эрх баригчдаас нуугдахыг оролдож байсан аж.
Лхагва гаригт орон нутгийн цагаар 16.30 цаг орчимд буун дуу гарсан бөгөөд цагдаа нар мансууруулах бодис хадгалсан хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд гал нээсэн этгээдийн нуугдаж байсан байшинд нэгжлэг хийхээр ирсэн байжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу гал нээсэн этгээдийн нуугдаж байсан байшингаас барьцааны хүмүүсийг сулласан байна.
Цагдаагийн тусгай албаныхан байшингийн дээд давхарт занганд ороод байсан хоёр цагдаа болон гурван хүнийг аюулгүй гаргаж авчээ. Мөн удаан оролдсоны эцэст гал нээсэн этгээдтэй хэлэлцэж чадсан байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: FOX NEWS
Холбоотой мэдээ