Хэрэв та 1990-ээд онд өсөж том болсон бол “Макарена”-гийн шуурганаас зугтаж чадахгүй байсан биз ээ. Тэр үед макаренагүйгээр ямар ч клуб, үдэшлэг, баяр ёслолыг төсөөлөх аргагүй байв. Энэхүү алдарт дуу 1995 оны наймдугаар сарын 15-нд анх цацагдаж байжээ.
1992 онд Испанийн поп дуэт болох “Лос Дел Рио” /Los Del Rio/ хамтлаг Венесуэлд үдэшлэгт оролцож байхдаа Диана Патриция Кубиллан Херрера хэмээх үзэсгэлэнт бүжигчнийг олж харжээ. Түүний гоо үзэсгэлэн дуу бичих урам зориг, онгод дуудсан байна.
Лос Дел Рио анх дуугаа “Магдалена” хэмээн нэрлэхээр болсон ч ийм нэртэй өөр дуу байгааг мэдээд больжээ. Харин хөрш нь “Макарена” гэх нэр санал болгосон нь таалагдаж, дуугаа тийнхүү нэрлэсэн байна. Дууны нэр “Бурханы ээж” гэсэн утгатай бөгөөд клип нь цэрэгт явсан найз хөвгүүндээ уурлаж, өөр эрчүүдтэй цэнгэх нэгэн эмэгтэйн тухай өгүүлдэг ажээ.
1996 онд америкчууд “Макарена”-гаар амьсгалж, уг дуугаар нэрлэсэн цомог оны эцэс гэхэд дөрвөн сая гаруй хувь борлогджээ. Мөн Америкийн Янки цэнгэлдэхэд 50,000 хүн нэгэн зэрэг макарена бүжиглэн, дэлхийн рекордыг тогтоосон байна.
“Макарена” дэлхийн хөгжмийн түүхэнд Топ-100 дууны тэргүүн байрт хамгийн удаан буюу 60 долоо хоногийн турш шалгарч чадсан дуу юм. Түүгээр ч зогсохгүй тус дуу нь зүрхэнд шууд массаж хийхэд тус болдог хэмээн эмч нар хэлжээ. Минутад 103 удаа цохилох энэ дууны ритм нь цээжинд өгөхөд тохиромжтой даралтны давтамжтай таардаг байна. Испанийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа шинжлэх ухааны томоохон сайт “Science Alert”-д ч тэмдэглэгдэж байсан аж.
Э.БАГЛААЦЭЦЭГ
Эх сурвалж: Mortaljourney.com, Indiatoday.in, Songfacts.com