АНУ Хойд Солонгосын пуужингийн хөгжүүлэлт болон туршилтад санаа зовниж байна хэмээн тус улсын албаны эх сурвалж өнгөрсөн мягмар гариг /2019.08.13/-т мэдэгджээ. Зэвсгийн хяналт, олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Андреа Томпсон өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойш Хойд Солонгос нийт таван удаа ойрын зайн тусгалтай баллистик пуужингийн туршилт хийсэн гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн туршилтаа зогсоох амлалт өгч байсан ч цөмийн зэвсгээ сайжруулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байна гэж шинжээчид үзэж байна.
Томпсон сэтгүүлчдэд хандан үг хэлэхдээ “Би энэ хэлэлцээнд оролцохыг хүсэхгүй байгаа ч пуужингийн хөгжүүлэлтэд санаа зовниж байна. Бид НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлснээр түншүүд болон холбоотнуудтайгаа үргэлжлүүлэн ажиллах болно. АНУ нь хориг арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцох бөгөөд Хойд Солонгосын удирдагч цөмийн зэвсгээс ангижрах амлалтаа биелүүлнэ гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Хойд Солонгос дахь тусгай төлөөлөгч Стефен Бигун Пхеньянтай хийх өдөр тутмын яриа хэлэлцээг хариуцаж байна. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Трамп түүнийг АНУ-аас ОХУ-д суух дараагийн Элчин сайдаар томилох боломжтой гэж үзсэн талаар мэдээлж буй юм.
Э.УНДРАХ
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ