Ардын нам адууныхаа “хулгайд” мордов уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Ардын нам адууныхаа “хулгайд” мордов уу?

Ардын нам адууныхаа “хулгайд” мордов уу?

Ардын намынхан адууныхаа "хулгайд" мордов бололтой. УИХ дахь 64-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрээр гишүүдийн тоог 99, сонгогдох хугацааг 5 жил болгон, улс төрийн замналаа уртасгах авд мордсон бол Засгийн газар уул уурхайн компаниудын лицензийг шалгах Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан нь чухамдаа “бөгс ухах” сайхан шалтагтай болгов.

“Бөгс ухахад” но илэрч л таарна. Хэдэн тэрбумаар нь зээл авч, газарт булсан хөрөнгө оруулагч нарын хувьд үйл тамаа цайж олж авсан лицензээ хураалгахыг хэн нь ч хүсэхгүй. Ажлын хэсэгтэй л учир зүйгээ олж, лицензтэйгээ үлдэхээ бодно. Энэ бол ажлын хэсгийнхэнд адууны “хулгай” хийх боломж юм. Нэг ёсны хэний лицензийг “но”-той, хэнийхийг нь хуулийн дагуу болгон дүгнэлт гаргахыг ажлын хэсэг л мэднэ гэсэн үг.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан өчигдрийн /2019.08.14/ шийдвэртэй холбоотойгоор уул уурхайн компаниуд айдас хүйдэст автаад байна. Хэд хоногийн өмнөөс Засгийн газар 400 лиценз хураах нь гэдэг “бор шувуу” нисэж эхэлсэн нь одоохондоо хол сонсогдох ч биеллээ олохыг үгүйсгэхгүй. Нийгмийн сэтгэл зүйг засах арга нь Засгийн газрын хувьд лиценз хураах шийдвэр болж хувираад байна.

Гэхдээ энэхүү шийдвэр эцсийн дүндээ Монголын эдийн засгийг л элэгдэж унагана. Уурхай хаагдахад Монголын мянга, мянган залуус ажилгүй болно, экспортын орлого буурна, төгрөгийн ханш суларна, татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн олговор өгөх өрөнд унана. Хөрөнгө оруулалтгүйгээр аль ч улс хөгждөггүй. Тэр тусмаа үйлдвэрлэл гэх юмгүй, уул уурхайн түүхий эдээ зарж, амьдралаа залгуулдаг монголчуудын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байж л хөгжинө. Гэтэл Засгийн газар байгаль экологид халтай үйл ажиллагаа эрхэлж байгаа, тэр бүү хэл дөрвөн хүний аминд хүрсэн уурхайг хаалгүй өнөөдрийг хүргэсэн нь анхаарал татаж буй. Ямар том артай гэхээр ийм компани нь хаагддаггүй юм. Татвар төлж л байвал хариуцлагатай уул уурхай эрхлэгч болдог болсон уу, бүү мэд.

“Байгаль орчин сүйтгэлээ” гэж орь дуу тавин Төрийн ордны гадаа жагсаад байдаг иргэний нийгмийн хөдөлгөөнүүд ч ам нээдэггүй, шаардлага тавьдаггүй. Уг нь бол адилхан л нэр усыг нь зарлаад тэмцэх ёстой байлтай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2915 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтынх нь 1600 гаруй, хайгуулынх нь 1200 орчим аж. Уул уурхай, ашигт малтмалын лицензийг 1992 оноос олгож эхэлсэн байдаг бөгөөд 13 мянга орчимд хүрсэн нь буурсаар 2915 болжээ. Лицензийн тоо буурахад үе, үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого шийдвэрүүд том нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.

Харин дээр дурдсан лицензүүдийн дийлэнхийг аль улсын хөрөнгө оруулагч эзэмшиж байна вэ гэдэг судалгаа гаргавал анхаарал татахуйц үр дүн үзүүлэх бололтой. Хятадын хөрөнгө оруулалттай компанийн эзэмшиж буй лиценз түлхүү жин дарах аж. Мөн үйл ажиллагаа нь доголдолгүй, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудыг ч өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай компани өнгөлж яваа юм байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд энэ тухай хөнджээ.

Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд хэт нэг улсаас хараат байхаас зайлсхийж, нөлөөллийг нь сааруулах, үндэсний том компанитай болох, гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг татах ёстой гэж үздэг. УИХ, Засгийн газраас батлагдсан нэр бүхий хуулиудад энэ тухай тодорхой заасан нь ч бий. Харамсалтай нь, гуравдагч хөршийн баталгаа болсон төслөө дэвсэлсээр зарим нь захаасаа буулт хийн буцсаар  одоо ганц Оюутолгой төсөлтэй үлдсэн ч уг төслийг хөдөлгөх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тухайн үеийн Засгийн газрын тэргүүнээ шүүхээр оруулах гээд, мөн үндэсний компаниудаа лицензийг хураах нэрээр татаж унагах ажлыг монголчууд өөрсдөө гардан хийх болсон нь Монгол Улс эдийн засгийн хувьд нэг улсын эрхшээлд орохоос аргагүй ч болгож байх шиг.

Бодлого нь байдаг ч эсрэгээр нь хийдэг энэ араншингаас болж, Монгол Улс л хохирч байна.  Одоо ард түмэн Ардын засгаас байгуулагдсан лицензэд шалгалт хийх ажлын хэсэг ямар дүгнэлт гаргахыг хүлээж л суухаас даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж