Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Турк улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Турк улсын шигшээ баг

Одоогоос есөн жилийн өмнө 2010 оны сагсан бөмбөгийн ДАШТ-д Турк улсын шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн байдаг. Олимп, дэлхийгээс медаль байтугай хагас шигшээд шалгарч үзээгүй Туркийн шигшээ баг нутагтаа болсон ДАШТ-д Х.Туркоглу, Э.Ильясова болон О.Ашик нарын залуус хэсгээ ганц ч хожигдолгүй тэргүүлэн хасагдах шатанд Франц, Словени болон Сербийн шигшээ багуудыг хожин АНУ-ын шигшээ багтай финалдаж байв. Хэдийгээр шигшээ тоглолтод АНУ-ын шигшээ багт 81-64 харьцаатай хожигдсон ч Дэлхийн аваргын мөнгөн медаль бол Туркийн шигшээ багт гайхалтай том ялалт байсан юм.

Туркийн сагсан бөмбөгийн шигшээ багийн амжилт Х.Туркоглу гэсэн тоглогчтой салшгүй холбоотой. Түүний үед дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Харин өөрөөр Туркийн сагсан бөмбөгийн шигшээ багийн амжилтын түүх гээд байх зүйлгүй. Турк сагсан бөмбөгийн ДАШТ-д 2002, 2006, 2010, 2014 онуудад оролцож байгаа бол олимпийн наадамд 1936, 1952 онуудад л оролцсон. Энэ бол Турк улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн олимп, дэлхийд үзүүлсэн амжилт. Ямартаа ч 2002 оноос хойш тасралтгүй оролцож ирсэн ДАШТ-ий буухиагаа энэ жил үргэлжлүүлж байна.

Турк ДАШТ-д оролцохын тулд Европын бүсийн I шатанд Латви, Швед болон Украйны шигшээ багуудтай багтан 4 хожил, 2 хожигдолтой хэсгээ тэргүүлж дараагийн шатанд шалгарсан. Харин II шатанд Испани, Словени, Латви, Украйн болон Монтенегро улсын шигшээ багуудтай багтан өрсөлдөж хэсгээс 20 оноотой 2-р шалгарч ДАШТ-ий эрхээ авсан.

Урьдчилсан шатанд С.Эрден, К.Осман, Ф.Коркмаз болон Э.Ильясова нарын залуус шигшээ багаа удирдан сайн тоглолт үзүүлсэн. Туркийн шигшээ багт НБА-с Э.Ильясова, К.Осман, Ф.Коркмаз нарын залуус байгаа бол Евро лигт тоглодог олон шилдэг тоглогчид бүрдүүлж байгаа. Ялангуяа Анадолу Эфес, Фенербахче, Бешикташ, Даруссафака, Галатасарай гээд Евролигийн хүчирхэг багуудад хүчин зүтгэдэг.

ДАШТ-ий хэсгийн шатанд АНУ-ын хамтаар дараагийн шатанд шалгах боломж Туркийн шигшээ багт бүрэн бий. Туркийн шигшээ баг ДАШТ-ий Е хэсэгт АНУ, Япон болон Чехийн шигшээ багуудтай багтсан бөгөөд эхний тоглолтоо Японы эсрэг хийх бол дараагийн тоглолтоо АНУ-ын шигшээ багтай хийгээд Чехийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Хэсгийн эхний болон сүүлийн тоглолтондоо өрсөлдөгчөө буулгаж авч чадвал Туркийн шигшээ баг давуу тал бий болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж