ҮСХ: 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн тоо 39.9 мянгаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

ҮСХ: 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн тоо 39.9 мянгаар нэмэгджээ

ҮСХ: 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн тоо 39.9 мянгаар нэмэгджээ

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх долдугаар сарын судалгааг өнөөдөр /2019.08.15/ танилцууллаа.

Судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 194.4 мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 203.5 мянган төгрөгөөр өсөв. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

Өрхүүдийн мөнгөн орлогоор бүлэглэн авч үзвэл, 2019 оны хоёрдугаар улиралд:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар тус тус буурчээ.

Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.6 мянга, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна.

Өрхүүдийн мөнгөн зарлагаар бүлэглэн авч үзэхэд 2019 оны хоёрдугаар улиралд:

  • 300 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянга,
  • 300-500 мянган төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар тус тус буурчээ.

Харин 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянга, 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгджээ.

ХДХВ/ДОХ-ЫН ГУРВАН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Улаанбаатар хотод 2019 оны долдугаар сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 277 болжээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний долоон сард 26 мянга болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1050-р нэмэгдсэн байна. Үүнд, салхин цэцгээр өвчлөгчид 2219, гонкоккт халдвараар өвчлөгчид 139, сүрьеэгээр өвчлөгчид 82-оор тус тус өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 711 ХҮН НАС БАРЖЭЭ

2019 оны эхний долоон сарын байдлаар  нийт 20.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс:

  • Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2087
  • Хүүхэд оролцсон гэмт хэрэг 515
  • Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1734
  • Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1044

Гэмт хэргийн улмаас 5200 иргэн гэмтэж, 711 иргэн нас барж, 130.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хохирлын 27.4 тэрбум төгрөгийг нөхөн төлөөлүүлсэн байна.

2019 оны эхний долоон сарын байдлаар 62.4 мянган иргэн эрүүлжүүлэгдэж, 7900 хүн баривчлагджээ.

ЗЭРЭГЛЭЛГҮЙ ЗОЧИД БУУДЛЫН ОРЛОГО 6.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Нийтийн хоолны салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 217.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд, рестораны орлого 22.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлжээ.

Харин зочид буудлын салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 113.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд гурван ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого 21.6 тэрбум төгрөгөөр, зэрэглэлгүй зочид буудлын орлого 6.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС 151.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОЖЭЭ

Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний долоон сард 384.1 мянган хүнд 151.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд 0-3 нас хүртэлх хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж авсан хүний тоо  2.6 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 6.7 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 0.9 ХУВИАР БУУРЧ, ХАРИЛЦАХ 19 ХУВИАР ӨСЧЭЭ

2019 оны долдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 их наяд төгрөг, өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 44.1 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Үүнд төгрөгийн харилцах 9 хувиар, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 1.4 хувиар, төгрөгийн хадгаламж 0.3 хувиар, валютын хадгаламж 0.9 хувиар буурсан  хэдий ч валютын харилцах 19 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 209 оны долдугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж өмнө сартай харьцуулахад 62.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны долоон сарын эцэст 877.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 126.7 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 157.9 төгрөгөөр буурчээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж