Б.Отгонсүх: Замын бүсчлэлийг түр хугацаагаар хойшлуулсан

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Б.Отгонсүх: Замын бүсчлэлийг түр хугацаагаар хойшлуулсан

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C бүсчлэлд хуваах асуудал багагүй шүүмжлэл дагуулсан. Өөрөөр хэлбэл А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу, В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгээр зорчих юм.  Иргэдээс санал асуулга авсан боловч 65 орчим хувь нь дэмжээгүй учраас бүсчлэлийг хэрэгжүүлэхээ түр хойшлуулсан гэдгийг  өчигдөр албаны хүмүүс дуулгасан. Өнөөдөр /2019.08.15/ дээрх асуудлаар Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.


ЭНЭ ЖИЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг дэмжих эсэх тухай эхний санал асуулгыг зургадугаар сарын 21-ний өдрөөс 25 цахим хуудсаар дамжуулан авсан.

Өчигдрийн /2019.08.14/  байдлаар нийт 3827  хүн оролцсоноос 2226 хүн буюу 58.2  хувь нь дэмжиж, 1522 хүн буюу 39.8 хувь нь дэмжихгүй, 79 хүн буюу 2.1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан.

Улмаар Нийслэлийн засаг даргын зөвлөлийн наймдугаар сарын 2-ны өдрийн хуралдааны үеэр Хотын захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүсчилсэн зохицуулалттай холбоотой санал асуулгыг хэд хэдэн хувилбараар "Нийслэлийн мэдээ” хуудас, фэйсбүүк, твиттер сүлжээнд дэх Замын  хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хуудсаар дамжуулан  дахин явууллаа.
Фэйсбүүк сүлжээнд явуулсан санал асуулгаар:

  •   "Замын хөдөлгөөний хэт ачааллын үед буюу өглөө өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд “орон нутгийн дугаартай” тээврийн хэрэгслийг хотын А, В бүс дэх автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй түр хязгаарлахыг дэмжих үү" гэсэн асуултад 5300 хүн хариулснаас 40 хувь нь дэмжинэ, 60 хувь нь дэмжихгүй гэж санал өгсөн.
  • "A, B, C бүсчлэл тогтоож, А, B бүсэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжих үү"гэсэн асуултад 215 хүн хариулснаас 34 хувь нь дэмжинэ, 66 хувь нь дэмжихгүй гэж санал өгсөн.
  • "Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C гурван бүсчлэл тогтоож, автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийх нь зөв  үү" гэсэн асуултад 2800 хүн хариулснаас 35 хувь нь зөв, 66 хувь нь буруу гэж санал өгсөн. Тиймээс олон нийтийн санал асуулгыг хүндэтгэж бүсчлэлийн зохицуулалтыг өнөөдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөснийг  түр хугацаагаар хойшлууллаа" гэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад хариуллаа. Энэ үеэр "Иргэдээс санал асуулга авах бүрт сөрөг үр дүн гарлаа гээд гаргасан саналаа цуцлаад байх хэрэг үү?" гэж асуухад "Иргэний үүргээ биелүүлээд татвараа төлсөн жолооч бүр А бүс рүү орох боломжтой. Түүнээс биш татварыг нэмэх асуудал биш. Хамгийн гол нь иргэдийн ихэнх хувь нь бүсчлэлийн асуудлыг дэмжихгүй гэсэн учраас хугацаагүйгээр хойшлуулж байна. Гэхдээ энэ хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ. Иргэдийн нийтийн тээврээр зорчих тоог нэмэгдүүлэхийн тулд хотын захиргаанаас авч хэрэгжүүлэх зүйлээ сайжруулсны дараа эргэн дээрх асуудлыг ярина" гэж хариуллаа. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж