Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлжээ. Тус хуралд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын Өвөр Байгалийн их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, гадаад, дотоодын 80 гаруй зочин ирсэн байна.
Эрдэмтэн, судлаачид энэхүү хурал дээр түүхт ялалтын олон улсын ач холбогдол, Халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан, түүхэн баримтуудын хүрээнд илтгэл тавьж байгаа аж. “Халхын голын дайн-80 жил” хурлыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Халх гол сумын “Ялалт” музей санаачилж, ойг зохион байгуулах хороо, Халх гол сумын Засаг даргын Тамгын газар, "Ялалт" музей хамтран зохион байгуулж буй юм байна.
Б.ЖАРГАЛ