Улаанбаатараас Замын үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг замаас гарсан тухай өчигдөр /8.14/ бид мэдээлсэн. Тодруулбал, өглөөний 8 цаг 31 минутад Мааньт өртөөн дээр түр зогсолт хийх явцад галт тэрэгний долоон вагон замаас гарсан байна. Үүнээс гурван вагон замаас бүрэн гарч, бусад дөрвөн вагоны дугуй замаас мултарчээ. Эдгээр нь ОХУ-ын эзэмшлийн битүү ачааны вагонууд байжээ.
Одоогийн байдлаар зургаан вагоныг замд татан оруулж, үлдсэн нэгийг татах ажиллагаа явагдаж буй байгаа ч бороо орж буй учир сэргээн босгох ажилд хүндрэл учирч байгаа аж.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Л.Зоригт "Ослын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор “Улаанбаатар төмөр зам”-ын Тээврийн хяналтын алба, "Зам тээврийн хөгжлийн яам"-ны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Улсын байцаагчид болон цагдаа, тагнуулын байгууллага, тээврийн прокурорын эрх бүхий ажилтнууд тус тусын чиглэлээр үзлэг шалгалтаа хийж байна. Осол гарсан ч галт тэрэгний хөдөлгөөн саатаагүй, тасралтгүй үргэлжилж байна” хэмээн мэдээллээ.
Галт тэрэг замаас гарах тохиолдол ийнхүү ойрын хугацаанд хэд хэд давтагдаж буй юм. Үүний учир юу вэ? Замын эвдрэл гэмтэл үү, вагоны чанар стандарт уу эсвэл ажилчдын хариуцлага уу. Ямартаа ч энэ асуудалд анхаарал хандуулах цаг болжээ.
Холбоотой мэдээ