Холливудын авьяаслаг залуу жүжигчин Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)-ын тухай мэдээллийг бид энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа онцолж байна. Тэрбээр 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод барилгын ажилтан Гари, зуслангийн менежер Карен нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр Бен, Блейн хэмээх хоёр ахтай бөгөөд ээж нь түүнийг тэдэнтэй адил "хатуу" гараар хүмүүжүүлсэн байна. Карен охиноо “бүдүүлэг” охидтой тоглохыг зөвшөөрдөггүй байжээ.
Ичимхий жаахан Лоуренст жүжигчний мэргэжил таалагддаг байсан аж. Багадаа ном уншиж байхдаа гол дүрийн баатраар өөрийгөө төсөөлж, аль нэг хэсгээс нь жүжиглэн үзэж, дүрдээ орох гэж зохиолын хэсгээс чанга дуугаар уншдаг байжээ. Энэ нь түүний хувьд жүжигчний сургууль нь байж.
Тэрбээр 14 нас хүрэх жилээ жүжигчин болохыг хүсэж буйгаа сайтар ойлгож, Нью-Йорк явж төлөөлөгч олон, жүжигчин болох гэж буй тухайгаа эцэг, эхдээ хэлсэн бөгөөд тэднээс зөвшөөрөл аваагүй байна. Тэрбээр “Ээж ээ, та намайг зогсоож чадахгүй” гэхэд ээж нь “Мэднэ ээ” гэж хэлээд, Нью-Йорк руу хамт явсан” хэмээн дурсан ярьжээ.
Хэзээ ч амжилтад хүрэхгүй, өөрт таалагдах ажлаа хэзээ ч олохгүй, миний гараас юу ч гарахгүй байх гэж боддог байсан тэрбээр анхны шалгаруулалтдаа явж байхдаа хүртэл мэргэжлийн хүмүүс “Цагаа бүү дэмий үр. Өөр зүйлээр оролд” гэж хэлэх байх гэж бодож байжээ. "Эцсийн эцэст 100 хувь минийх гэсэн зүйлийг олсон, тиймээс хэзээ ч энэ замаас ухрахгүй. Жүжиглэлт бол миний амьдралыг юу юунаас илүү аз жаргалтай болгодог зүйл. Хөгшин эмээ болсон ч амьдралын эцэс хүртлээ жүжиглэнэ гэж боддог. Тэгвэл би энэ ертөнц дэх хамгийн аз жаргалтай эмээ байх болно" гэж ярьжээ.
Лоуренс тайзан дээр тоглохдоо сэтгэлийн зовиураа гээдэг бөгөөд жүжиглэлт түүнд амжилтад хүрэх мэдрэмж төрүүлдэг байсан аж. Түүнд жүжигчний боловсрол, туршлага байгаагүй ч шалгаруулалт өгсөн бүх агентлаг сайнаар хүлээн авчээ. Жүжигчний мэдлэггүй байсан нь харин ч дэм болсон байна. Тухайн үед тэрбээр мэргэжлийн жүжигчний ангид суръя гэж бодож байсан ч жүжиглэхийг нь харсан мэргэжлийн багш нар хэрэггүй гэж зөвлөжээ. Учир нь "Жүжигчний сургуульд сурсан хүүхдүүд бүгд адилхан жүжиглэдэг. Харин чи өөрийнхөөрөө байна” гэжээ. Өөрөөр хэлбэл тэр "цэвэрхэн цаас" байсан учир тэдэнд таалагдсан байна.
Морины фермд өссөн Женнифер Лоуренсыг 14 настай байхад нэгэн агентлагийн скаут анх харж, янз бүрийн сонгон шалгаруулалтад оролцуулж сорьдог байжээ. Үүнээс хойш тэрбээр "Monk", "Garden Party" зэрэг хэд хэдэн жижиг кино ба цувралуудад дүр бүтээж, улмаар 2010 онд "Winter’s Bone" гэх сэтгэлзүйн драм кинонд тоглож, анх удаагаа "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байв. Энэ киноноос хойш түүний жүжигчний карьер гэрлийн хурдаар өсчээ.
Женнифер Лоуренс Оскарын шагналаас оны шилдэг эмэгтэй жүжигчин (2012) алдрыг 22 настайдаа хүртэж чадсан авьяаслаг жүжигчин билээ. Тэрбээр тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагада “Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг эмэгтэй жүжигчнээр Женнифер Лоуренс шалгарч байна” гэж миний нэрийг дуудахад би шоконд орсон. Амьдралдаа тэгж шоконд орж байсангүй. Миний хувьд үнэхээр гайхалтай мөч байсан. Өөрийн хүндэлж явдаг сайн сайн жүжигчдийн адил Оскарын шагнал авахаар хэзээ нэгэн цагт тэр тайз руу гарна гэж мөрөөдөж ч байсангүй. Мэрил Стрипийн дараа би гарч шагналаа авсан гэж төсөөл дөө. Миний нэрийг дуудсан тэр агшинд тайз руу алхахдаа манан дунд яваа мэт л байсан. Бүр даашинзныхаа хормойд тээглэж унасан шүү” хэмээн ярьжээ.
Жүжигчин бүсгүй Хилари Суонкийг их хүндэлж явдаг аж. Тэрбээр “Хилари бид хоёрын хувь заяа их адилхан. Түүнд ч гэсэн ямар ч жүжигчний мэргэжил, танил тал байгаагүй. Тэр ч гэсэн над шиг нэгэн өдөр Холливудад ирээд, өөрийгөө сорьж эхэлсэн” гэж ярьжээ.
Зургаахан жилийн дотор тэрбээр хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр шалгарч, загварын шүтээн болов. Жүжигчдийн цалингийн ялгааны асуудлыг сөхөж, Холливудыг “орвонгоор нь эргүүлж” байв. Өөрөөр хэлбэл Холливудын цалин хөлсний асуудал дээрх хүйсийн тэгш бус байдлыг шүүмжилснийг нь хэвлэлүүд онцолжээ.
Түүний хэлсэн үг бүрийг сэтгүүлчид чих тавин хүлээдэг. Женнифер хэлэх гэснээ шулуухан хэлдэг бөгөөд сэтгүүлчид түүнийг “ангуучилж”, оролцсон ток шоу, ярилцлагуудыг тэсэн ядан хүлээдэг байсан аж.
Өнгөрсөн хугацаанд Женнифер Лоуренс нэг Оскарын шагнал (Silver Linings Playbook ), гурван Golden Globe шагнал (Silver Linings Playbook, American Hustle, Joy) хүртсэн. Үүнээс гадна супер баатруудын тухай X-Men ба алдарт Hunger Games зэрэг блокбастеруудыг ч мартаж болохгүй. Женнифер Лоуренс Сьюзен Коллинзын "Hunger Games" зохиолын Кэтнисс Эвердиний дүрээр шинэ мянганыхны хайрыг булаасан. Мөн хэдхэн хоногийн өмнө Крис Праттын хамт тоглосон "Passengers" кино нээлтээ хийснээс хойш зургаа хоногийн дотор 30 сая ам.доллар олжээ.
Одоо 28 настай Женнифер Лоуренс “Forbes” сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн рейтингийг хоёр дахь жилээ дараалан тэргүүлсэн удаатай. 2016 онд Женнифер 46 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Мөн Лоуренс Холливудын хамгийн үнэтэй жүжигчин төдийгүй Францын "Dior" загварын ордны нүүр царай болов.
Сүүлд Женнифер Лоуренс Даррен Аронофскийн "Mother" гэдэг драм төрлийн шинэ кинонд дүр бүтээсэн байна. Мөн тэрээр Рон Ховардын найруулсан "Zelda" кинонд Америкийн алдарт зохиолч Зельда Фицжеральдийн дүрийг бүтээхээр сонгогджээ.
Карьер дээшлэхийн хэрээр Лоуренс хамгийн сайн цалинтай жүжигчдийн нэг болсон байна. “The Daily Telegraph” 2014 онд киноноос 10 сая ам.долларын орлого олсон гэж мэдээлжээ. 2013 онд “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн бол “Elle” энтертайнмент бизнесийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэж тэмдэглэжээ. “Форбс” түүнийг хамгийн хүчирхэг 50 жүжигчний жагсаалтад оруулав.
2014 онд “Форбс” түүнийг 34 сая ам.долларын орлоготой, дэлхийн хоёр дахь хамгийн их орлоготой, хамгийн хүчирхэг жүжигчнээр нэрлэжээ. 2015, 2016 онуудад ч “Форбс” жилийн хамгийн өндөр буюу 52 сая, 46 сая ам.долларын орлоготой дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин болсон гэж мэдээлжээ.
Женнифер Лоуренс тэсрэлт хийсэн цуврал кино, Оскарын хамт тоо томшгүй олон шагнал хүртсэн жүжигчин билээ. Холливудын үнэт эрдэнэ тэрбээр нэг л дүрд тоглож чадаагүйдээ туйлын их харамсаж явдаг аж. Лоуренс “Stern”-д “Алиса гайхамшгийн оронд” кинонд тэнцээгүйдээ би одоо ч харамсдаг” хэмээн ярьжээ. 2019 оны байдлаар Лоуренсийн тоглосон кинонууд дэлхий даяар 6 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Эх сурвалж: ELLE, DAILY MAIL, PEOPLE
Холбоотой мэдээ