Шүүх хурал: Эд мөрийн баримтын бичлэгүүдийг үзэж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Шүүх хурал: Эд мөрийн баримтын бичлэгүүдийг үзэж байна

Шүүх хурал: Эд мөрийн баримтын бичлэгүүдийг үзэж байна

НЭМЭЛТ 16:00 ЦАГ Төв аймгийн Сум дундын шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны явцын талаар мэдээлэл өглөө. Тус шүүхийн зохицуулах албаны ажилтан Б.Жавхланбаяр мэдээлэхдээ “Нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал хуульд заасны дарааллынхаа дагуу явагдаж байна.

Одоогийн байдлаар эд мөрийн баримтаа шинжлэн судалж, хураагдаж ирсэн бичлэгүүдийг үзэж байна. Дараагаар нь бичгийн нотлох баримтаа шинжлэн судална. Шүүх хуралдаан маргааш бас үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. Учир нь олон оролцогчтой, олон хавтаст хэрэг байгаа учраас олон өдрөөр хуралдаж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан хэвийн үргэлжилж байна.

Шүүхийн байгууллага бол хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг бүгдийг нь судлах ёстой. Эд мөрийн баримтад дан бичлэг бий. Манай аймгийн шүүх хуралдааны танхим бусад газрынхтай харьцуулахад том хэмжээтэй. Манай шүүх хуралдааны байр 54.5 метр талбайтай. Шүүх хуралдаанд оролцож буй дөрвөн гэрч мэдүүлэг өгч дууссан" гэв.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЗАВСАРЛАЛАА

НЭМЭЛТ: 13:35 ЦАГ Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж буй, Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 14:30 цаг хүртэл завсарлалаа.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 13:09 ЦАГ Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар тогтоосон. Шүүх хуралдаан 2019 оны 8-р сарын 12-ны өдрийн 9 цагт эхэлсэн, 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт 49 оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байна. Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар нууцлагдана” гэж, Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна“ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан материалыг нууцаас гаргаж, шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэх боломжгүй болно.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.


ДӨРВӨН ГЭРЧ, ХОЁР ШИНЖЭЭЧ МЭДҮҮЛЭГ ӨГЧ ДУУСААД БАЙНА

НЭМЭЛТ: 12:55 ЦАГ Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.15/ 09.00 цагт эхэлж, одоогийн байдлаар дөрвөн гэрч, хоёр шинжээч мэдүүлэг өгч дуусаад байна. Үүний дараагаар хавтаст хэрэг болон эд мөрийн баримтад шинжилгээ хийнэ гэж Төв аймгийн шүүхээс мэдээллээ.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

09:00 ЦАГ Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.08.15/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт эхэлж, одоо сүүлийн гэрч орж байгаа гэх мэдээллийг Төв аймгийн шүүхээс өглөө.

Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй тус газрын мөрдөгч, гүйцэтгэх албаны ажилтан О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, тус Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, С.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал олны анхаарлын төвд үргэлжилж байгаа билээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгаж байгаа юм. Шүүх хурал Төв аймагт болж буй бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж