НОСК: Нэг хүний мэдээлэл олон орсныг мэдэж байсан | News.MN

НОСК: Нэг хүний мэдээлэл олон орсныг мэдэж байсан

НОСК: Нэг хүний мэдээлэл олон орсныг мэдэж байсан

НОСК: Нэг хүний мэдээлэл олон орсныг мэдэж байсан

“НЭГ ГЭРТ 2-3 ХҮН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАЙЖ БАЙРАНД ОРНО” ГЭЖЭЭ

“Манай гэр бүлийн хувьд түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хоёр ангиллаар бүртгүүлсэн. Би өөрөө өрх толгойлсон эцэг эх гэсэн ангилалд, охин маань хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд бүртгүүлсэн юм. Охин маань хоёр ихэр хүүхэдтэй. Хүүхдүүд нь төрөлхийн тулгуур эрхтэний бэрхшээл буюу тархины саажилттай, байнгын эмчийн хяналтад байдаг. Тэгсэн миний гар утас руу наймдугаар сарын 13-нд нийслэлийн орон сууцны корпорациас ярихдаа “Таны мэдээлэл эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн байна” гэж хэлсэн. Тэгээд цахим вэб сайт руу нь нэвтэрч ороод харахаар эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн гэсэн ногоон жагсаалтад бус цэнхэр дэвсгэр дээр нь нэр маань байх юм. Учрыг асуухаар иртэл мэргэжилтэн нь тодорхой хариу хэлэхгүй гайхаад л зогсож байна” хэмээн Хан-Уул дүүргийн иргэн Б.Алтансүх гуай учирлалаа.

Энэ хүн шиг учраа олохгүй байгаа, тэнцсэн, тэнцээгүй гэх мэдээллээ шүүлгэхээр ирсэн цөөнгүй иргэд нийслэлийн Орон сууцны корпорацийн үүдэнд цугларчээ. Зарим нь “Үнэн шударгаар ажлаа явуулж чаддаггүй юм бол яах гэж ийм ажил зохион байгуулсан юм бэ” гэж бухимдан орилж байв.

“Манай дүү төрөлхийн сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр нь 90 хувийн сонсголгүй. Тэд маань 0-4 насны гурван хүүхэдтэй гэр хороололд амьдардаг юм. Тэгээд яагаад түрээсийн орон сууцны эхний сонгон шалгаруулалтад тэнцээгүй юм бэ гэсэн чинь “Нэг гэрт 2-3 хүн хөгжлийн бэрхшээлтэй байж түрээсийн байранд орно” гэдэг хариултыг мэргэжилтэн нь өгч байна. Энэ юу гэсэн үг вэ. Тэгэхээр гурван нялх хүүхэд нь бас хөгжлийн бэрхшээлтэй байх шаардлагатай гэсэн үг үү. Ийм шалгуур тавьж болдог юм уу. Иргэдийг хэрхэн сонгон шалгаруулсан мэдээллээ ил тод гаргаж тавих юм уу, тэр цахим сайтдаа байршуулаад тавьчих л даа. Тийм нууцлаг байгаа учраас иргэдэд эргэлзээ төрүүлж байна. Миний дүү түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдгээ дуулаад маш их сэтгэлээр унасан” тухай Чингэлтэй дүүргийн иргэн О.Баяраа ярилаа.

“ЦЭНХЭР ДЭВСГЭР ДЭЭР ЖАГССАН ИРГЭД БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХГҮЙ”

-Нийслэлийн Орон сууцны корпорацийн үүдэнд цөөнгүй хүмүүс цугларч, бухимдалтай байх шиг байна. Цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэдээс хэчнээн хүн эхний шатанд тэнцээд байна вэ?

-Нийт цахим хүсэлт ирүүлсэн 35058 иргэний мэдээллийг 582 байрны тоондоо хуваахаар нэг байранд дунджаар 60 иргэн өрсөлдөж байгаа юм. Тэгэхээр нэг иргэн нь баярлаад, 59 хүн нь гомдолтой хоцорч байгаа гэсэн үг. Тийм учраас манай байранд хүмүүс ирээд “Би яагаад тэнцээгүй юм бэ” гэж бухимдаж хандаад байна. Мэргэжилтнүүд маань нэг бүрчлэн тайлбарлаад явуулж байгаа.

-Цэнхэр дэвсгэр дээр мэдээлэл нь жагссан иргэд бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай юу?

-Ногоон дэвсгэр дээр бичигдсэн хүмүүс сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн. Тэр хүмүүс байранд орчихлоо гэсэн үг биш. Цэнхэр дэвсгэр дээр жагссан иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн ногоон дэвсгэр дээр байгаа хүмүүс эхний шатанд тэнцсэн гэж бичээд гар утсаар нь мэдэгдсэн байгаа. Дараа долоо хоногоос эхлэн иргэдийн материалыг хүлээн авч, бүрэн гэж үзвэл Орон сууцны сонгон шалгаруулалтын тусгай комисст шилжүүлнэ.

-Иргэдийн мэдээллийг хэрхэн сонгон шалгаруулсан талаарх мэдээллээ ил тод байршуулж болохгүй юу?

-Иргэдийн мэдээллээ ил тод байршуулбал улам маргаан үүснэ. Энэ ажлыг хянадаг байгууллагууд нь өдөр бүр хянаж байгаа. Бид нэг ч хүний мэдээллийг наана цаана оруулаагүй гэдгийг дахин хэлье.


НЭМЭЛТ: 12:45 ЦАГ Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд нэг хүний мэдээлэл олон удаа давхардаж орсон талаар албаны хүнээс тайлбар авлаа.

Энэ талаар нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд дарга С.Дорждэрэм тайлбарлахдаа “Нийгмийн зорилтот бүлгийн найман ангиллаас төрийн албан хаагчийн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт нэг иргэн олон удаа бүртгүүлснийг бид мэдэхийн дээдээр мэдэж байсан. Жишээлбэл, Батсайханы Одонтуяа гэж хүн найман удаа бүртгүүлсэн байх жишээтэй.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэлсэн долдугаар сарын 22-ны орой программын серверт олон хандалт ирж, гацсанаар нэг хүний мэдээлэл олон удаа давхардаж орсон тохиолдол гарсан. Бид бүгдийг нь жагсаалтаас хассан. Ийм алдаатай 24 хүний мэдээлэл байсныг хассан. Энэ 24 иргэн манай шалгуурт тэнцээгүй учраас цэнхэр дэвсгэр дээр тавигдсан байгаа. Цахим бүртгэлийн эх материал нь хууль хяналтын байгууллага болон сонгон шалгаруулалтын Тусгай  комисст ч байгаа. Тийм учраас бид мэдээллийг яг байгаагаар нь нийтэд ил тод тавьсан юм” гэв.


НОСК: ЭХНИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭД 10-ААС ДЭЭШ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг ирэх даваа гаригаас хүлээн авч эхэлнэ. Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, өөрийн биеэр очиж, баталгаажуулна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Тэнцсэн иргэд наймдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл тав хоногийн хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар авч очиж баталгаажуулах аж. “Буянт-Ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эхний шатны сонгон шалгаруулалтын дүнг өчигдөр /2019.08.14/ нийслэлийн Орон сууцны корпорациас цахим сайтад байршуулаад байгаа билээ.

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/ эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлжээ.

Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчирч өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан, дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийн дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахыг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt вэб сайтад хандана уу. Ингээд найман ангилал тус бүр ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-08-15 64.119.26.80

Bi bvrtgvvlsen shalgaxaar tentssend ni ch baixgvi tentseegvid ni ch baixgvi orgvi alga bolson bna lee

Avatar

Зочин 2019-08-15 49.0.212.238

сонгуулийн шоу

Avatar

Очироо 2019-08-15 202.131.225.197

Гүүээ мөн заваарсан ажил аа…. Монголд ер нь асуудалгүй аятайхан явчихдаг нэг ширхэг ажил байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж