Одоогоос 20 жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин улс төрийн туршлага бага, олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй, тухайн үед Холбооны аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байсан Владимир Путиныг Ерөнхий сайдаар томилсноор Путины эрин үе эхэлжээ. Тэр цагаас хойш бүхэл бүтэн 20 жилийн дараа ч энэ улсыг нөгөөх л Путин удирдсаар байна гэж, тэр ч бүү хэл дэлхийн хэмжээний үйл хэргүүд түүний оролцоогүйгээр болохоо байна гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз.
Гэхдээ Путин засгийн эрхэнд гарсны 20 жилийн ойгоороо нэлээн хүнд хэцүү сорилттой тулгарч байна. Түүний нэр хүнд улс орных нь эдийн засаг хүндэрч, амьжиргааны түвшин доройтож байгаатай холбоотойгоор нэлээд хувиар унаад буй юм. Сүүлийн хэдэн долоо хоног Москвад үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглаан, олон мянган хүний баривчилгаа зэрэг нь Путины засаглалд аюул учруулаад байгаа аж. Гэсэн ч тэр энэ олон эсэргүүцэл, тэмцлийн хажуугаар өөрөө өөртөө эзэнт гүрэн байгуулаад амжсан ч байж мэдэх юм.
-Найзаас өстөн болсон Барууныхан-
Путин төрийн жолоог атгасан эхний жилүүдэд Орос улс эдийн засгийн хувьд маш таатай байсан. Путин энэ бүхнийг зээлээр шийдвэрлэж байсан юм. Мөн энэ үе нь тэр барууныхантай хамтрахад бэлэн болсон үе байсан.
Есдүгээр сарын 11-ний террорист халдлага болоход тэр үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай хамгийн түрүүнд утсаар ярьж эмгэнэл илэрхийлсэн удирдагчдын нэг нь Путин байв. Мөн тэрбээр Афганистан дахь талибанчуудтай тулалдахад АНУ-д туслаад зогсохгүй, Төв Азид цэргийн бааз байгуулахыг АНУ-д зөвшөөрсөн юм. Харин 2004 оны Украинд болсон хувьсгалын дараагаар түүний хандлага өөрчлөгдөж эхэлсэн.
Кремль үүнийг Оросын нөлөөг багасгах гэсэн Барууныхны заль мэх гэж үздэг бөгөөд Барууныхан Иракийн асуудалд хөндлөнгөөс оролцоод ч нөхцөл байдлыг намжааж чадсангүй. 2014 онд Крымыг өөртөө нэгтгэсэн нь Барууныхнаас салахад тусалсан. Энэ нь Путины нэр хүндийг ихэд өсгөж, Орос улсын гадаад бодлого зөв замдаа орж байна гэж олонх нь итгэсэн.
-Путины удирдлага ба түүнийг тойрсон эргэлзээ-
Оросын зарим либерал үзэлтнүүд Путиныг өмнө нь эрхэлж байсан ажлуудаас нь эхлээд Ерөнхий сайд болмогцоо Чечень рүү цэрэг оруулсан зэрэг асуудлуудаас нь болоод түүнд эргэлзэж байгаагаа нуудаггүй байв. Энэ үед Оросын томоохон хотуудад хэд хэдэн удаа орон сууцны барилгад дэлбэрэлт болов. Энэ алан хядах ажиллагааг Чечений салан тусгаарлагчид зохион байгуулсан гэж тагнуулынхан үзжээ. Харин Чеченьд хийж байгаа цэргийн ажиллагааг зөвтгөхийн тулд Путин тусгай албаныханаар дэлбэрэлт үйлдүүлсэн гэж цуурхал дэгдэж байлаа. Путин мэдээж үүнийг эрс няцааж байсан юм. Гэхдээ л Оросын ард түмэн Путиныг ЗХУ задран унасны дараа Оросын нэр төрийг сэргээсэн хүн гэж харсаар ирсэн.
-Оросын эдийн засаг Путины нэр хүндийн хамгийн их унагааж байна-
Тус улсын эдийн засгийн байдал доройтож буй нь Путины нэр хүндийг унагааж буй хамгийн гол хүчин зүйл болж байна. Тэрбээр 2018 ондд дахин сонгогдсон ч улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Оросын ард түмэн өөр сонголтгүй болсон учраас л түүнийг дахин сонгосон гэж үздэг.
Улс төрийн шинжээч Константин Калачев “Путиныг үнэлэх одоогийн үнэлгээ өмнөх жилүүдийнхээс тэс ондоо. Өмнө нь түүнийг хүмүүс зүгээр нэг хүлээн зөвшөөрөх бус биширдэг байсан. Харин одоо бол өөр сонголтгүй учраас л аргагүйн эрхэд хүлээн зөвшөөрч байгаа. Ард иргэд 20 жилийн турш нэг л хүний яриаг сонсож ирлээ. Харин одоо тэд арай өөр дуу хоолойг хүсч байна” гэж хэлжээ.
Өнгөрсөн зун, сонгуулийн дараа Орос улс даяар олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж, ард иргэд амьжиргааны түвшиндөө сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа нь зарим ажиглагчид Оросын нийгэмд өөр задрал явагдаж магадгүй талаар ярихад хүргэсэн юм.
-Цаашид юу болох бол-
Шинжээчид Путин болон түүний багийнхан 2024 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч засгийн эрхэндээ үлдэх арга замыг олно гэж найдаж байна.
Улс төрийн шинжээч Грегори Бовт “Энэ нь шинэ институц байгуулах замаар хэрэгжиж магадгүй юм. Улс орныг чиглүүлэх үүрэгтэй зарим төрлийн хамтын байгууллага бий болох бөгөөд Путин үргэлж түүний ард оршсоор байх болно. Тэр энэ улсыг хэзээ ч орхиж чадахгүй. Түүний туйлын зорилго бол өөрийн түүхэн үүрэг даалгавраа биелүүлэх" хэмээн хэлжээ.
Эх сурвалж: EURONEWS.COM
Холбоотой мэдээ