Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхгүй болсон шалтгаан

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхгүй болсон шалтгаан

Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхгүй болсон шалтгаан

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 871350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501934 нь нийслэлд бүртгэлтэй байна. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байна гэсэн судалгаа бий. Энэ нь бид автомашины хэрэглээгээ өөрчилж, шаардлагатай бол татгалзах цаг болсны илрэл. Ямар нэгэн шинэ зохицуулалт хийхгүй бол өнөө л алхам бүрт стресстүүлж байдаг замын түгжрэлтэй нүүр тулсаар байх болно гэдгийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох байгууллагаас мэдээлж буй.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах шинэ зохицуулалтыг наймдугаар сарын 15-наас үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан.  Гэвч иргэд шүүмжлэлтэй хандсан учраас шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больж, өөр арга зам хайж байгаа тухайгаа нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Энэ талаар тус газрын мэргэжилтэн Г.Саруулаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр наймдугаар сарын 2-нд авто замын бүсчилсэн зохицуулалтын ажлын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан. Уг хурлаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  “Наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл иргэдээс олон хувилбарт санал асуулга авч, мэдээлэл түгээх ажил хийж, эргээд танилцуул” гэсэн. Үүний дагуу иргэдээс хэд хэдэн хувилбарт санал асуулга авч байна. Өнөөдрийн байдлаар санал асуулгад оролцсон иргэдийн 65 орчим хувь нь дэмжихгүй байгаа учраас замын бүсчлэлийн зохицуулалтыг өөрчилж, өөр зохицуулалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Тодорхой шинэ шийдэл гарсны дараа нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөөд явна” гэсэн юм.

Шинэ зохицуулалтаар нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах юм. А, В бүсчлэлд байгаа бүх авто зогсоолыг төлбөртэй болгохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг нэвтрүүлэхгүй байхаар тусгасан нь олны дургүйцлийг хүргэв.

Харин нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Иргэдийн ярьж байгаа шиг баян, ядуугийн ялгаа гаргасан зүйл огт байхгүй. Жолооч хуульд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хотын төвд чөлөөтэй нэвтрэх эрх нь байгаа” гэдгийг хэлж байсан юм.

Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхээр зургадугаар сарын 27-нд 25 орчим вэб сайтад линк байршуулан эхний олон нийтийн санал асуулгыг явуулжээ. Уг санал асуулгад нийт 3761 иргэн оролцож, тэдний 55 орчим хувь нь дэмжиж, 40 орчим хувь нь дэмжээгүй бол мэдэхгүй гэсэн хариултыг гурван хувь нь өгсөн байна.

Үүний дараагаар наймдугаар сарын 2-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, дахин Нийслэлийн мэдээ фэйсбүүк фэйжээр дамжуулан санал асуулга авчээ. Энэ удаагийн санал асуулгад нийт 2800 орчим иргэн оролцсоноос 65 хувь нь дэмжихгүй, 35 хувь нь дэмжиж байна гэж хариулсан байна. Иргэдийн ихэнх хувь нь дэмжихгүй байгаа учраас замын бүсчлэлийг хэрэгжүүлэхээ хойшлуулж, өөр зохицуулалт хэрэгжүүлэхэээр ажиллаж байна гэдгийг албаныхан учирлав.

Харин авто зогсоолыг төлөвлөж байснаараа тоог нь нэмж, төлбөртэй болгох ажлыг үргэлжлүүлэн хийнэ хэмээн  албаныхан хэлж байв. Өөрөөр хэлбэл нийслэлд төлбөртэй зогсоолын тоо олширч, өглөө эртлэн ирсэн хүн амин хувиа хичээж, зогсоолыг хувийнх юм шиг өдөржингөө үнэ төлбөргүй ашиглахаа болино гэсэн үг.

Хотын А, В бүсэд одоогоор байгаа зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нийт 2382 автомашины зогсоолыг 15696 болгож нэмэгдүүлэх аж. Өнөөдрийн байдлаар 5330 автомашины зөвшөөрөлгүй зогсоолыг албан ёсоор зөвшөөрөл өгөх, зогсоол байх боломжтой 7984 автомашины зогсоолыг ашиглахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Улаанбаатар хотод 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 89 мянга 400 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 3330 тээврийн хэрэгсэл хасагдаж байгаа үзүүлэлт гарчээ. Жилд дунджаар 80 орчим мянган тээврийн хэрэгслээр нэмэгдэж байна гэсэн үг. Хэрвээ энэ үзүүлэлтээрээ цаашид явбал бид удахгүй тэг зогсоход хүрнэ  гэдгийг албаныхан онцолж байна. Тиймээс нийслэлчүүдийн “толгойны өвчин” болсон замын түгжрэлийг бууруулахад иргэдийн оролцоо, ухамсар, дэмжлэг хамгийн чухал гэж мэргэжилтнүүд хэлэв.

А.СҮРЭН          

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж