УИХ-ын гишүүдийн тоо 108 биш, 99 байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийн тоо 108 биш, 99 байх уу?

УИХ-ын гишүүдийн тоо 108 биш, 99 байх уу?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр Ерөнхийлөгч, МАН хоёр тохиролцоонд хүрч чадахгүй байна. МАН-ын бүлэг гурван өдөр хуралдаж, Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа уулзаж, эцэст нь Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг "гацааж" байна.

МАН-ын бүлэг өчигдөр гурав дахь өдрөө хуралдсан бөгөөд тус хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцсон байна. Ингээд Ерөнхийлөгчийн санал болгосон гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог намын жагсаалт, тойрог гэсэн холимог болгох, парламентын хугацааг таван жил байлгах зэрэг саналууд дээр Ерөнхийлөгч, МАН хоёрын хооронд тохиролцоонд хүрч чадахгүй өнөөдөр ч МАН-ын бүлэг хуралдахаар товложээ.

Бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийн шийдвэрээ гаргах ёстой" гэдгийг намынхандаа хандаж хэлжээ. Харин Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог хэвээр явуулах нь зүйтэй гэсэн санал хэлжээ. Ингэхдээ,

Ерөнхийлөгчийн зүгээс өөрийнхөө саналуудыг татахгүй, хамгаална гэдгээ илэрхийлээд гишүүдийн тоо, тогтолцоо зэрэг саналуудыг МАН-ын гишүүд өөрсдөө санал болгосон шүү гэдгийг анхааруулжээ.

Гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг МАН дотор дэмжиж байгаа гишүүд олон байгаа аж. Ялангуяа сонгуулийн тогтолцоон дээр МАН-ын олон удаа сонгогдсон гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 108 БИШ 99 БАЙХ УУ?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сөхөгдөх үед л УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэсэн санал явсаар ирсэн. Одоогийн 76 гишүүнийг 1992 оны хүн амд тааруулж, 76 болгосон учраас одоогийн хүн амын тоонд харьцуулбал гишүүдийн тоог нэмэх ёстой гэсэн санал үе үеийн парламентын үед гарч байсан. Тэгвэл Ерөнхийлөгч энэ удаад 108 гишүүнтэй болох ёстой гэсэн саналыг оруулж ирсэн. Гэвч МАН-ын гишүүдийн зүгээс 108 гишүүнтэй болох саналыг олонх нь дэмжихгүй байгаа юм байна.

Ингээд Ерөнхийлөгчийн 108 болгох саналыг дэмжихгүй гэдгээ бүлгийн олонх гишүүд хэлжээ. Ингээд саналын хувьд ойролцоо буюу нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь дэмжихгүй байгаа учраас ажлын хэсгийн зүгээс дундын хувилбар гаргах нь зүйтэй гэдгийг ярилцжээ. Тухайлбал, өмнө нь яригдаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарын санал болгож байсан 99 гишүүнтэй байх асуудлыг байж болох хувилбар гэж үзжээ.

ХОЛИМОГ СИСТЕМИЙГ МАН-ЫН ХУУЧЧУУЛ ДЭМЖСЭН Ч УНАЖЭЭ

УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах ёстой гэдэг саналыг МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байсан. Ингэхдээ сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоон, жилийн өмнө сонгуулийн хуульд "гар" хүрэхгүй гэдэг саналыг оруулж ирсэн.  Гэвч Ерөнхийлөгч Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна гэсэн  саналыг оруулж ирсэн.

Энэ санал МАН-ын бүлгийн гишүүдийн дунд  ч маргаан дагуулсан. Ингээд энэхүү саналаар санал хураалт явуулахад бүлгийн хуралд оролцсон гишүүдийн 16 нь дэмжиж, 18 нь дэмжээгүй байна. Зарим гишүүд аль аль талд нь гар өргөөгүй гэнэ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт зэрэг хэд хэдэн удаа сонгогдсон гишүүдийн хувьд мажоритар системийг дэмжиж буйгаа бүлгийн хурал дээр хэлжээ. Гэвч гишүүдийн олонх нь сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ гэж тусгах шаардлагагүй гэж үзжээ.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ТАВАН ЖИЛЭЭР СОНГОХЫГ МАН ДЭМЖЖЭЭ

Ерөнхийлөгчийн санал болгож, МАН-ын бүлэг дэмжсэн бас нэг санал бол УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаатай сонгоно гэх заалт. МАН-ын өргөн барьсан төсөлд парламентын хугацааг ямар нэг байдлаар хөндөөгүй бөгөөд одоогийн дөрвөн жилээр байх нь зөв гэж өргөн барьсан. Гэвч МАН-ын бүлэг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн таван жил байх саналыг дэмжсэн байна. Үүнийг дагаад УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа таван жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болох санал ч мөн дэмжигдсэн байна.

Ийнхүү гурван өдөр хуралдсан МАН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй эцсийн байдлаар зөвшилцөлд хүрээгүүй, мөн МАН-ын бүлгийн гишүүдийн ирц бага байгаа учраас өнөөдөр дахин хуралдахаар болжээ. Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаанд 40 орчим гишүүд суусан байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж