Намар 20 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Намар 20 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэнэ

Намар 20 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэнэ

 NEWS агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам, агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бид энэ удаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамыг онцолж байна.


ТӨРИЙН САНД ЗЭЭЛТЭЙ 13 МЯНГАН ДИПЛОМЫГ ЧӨЛӨӨЛНӨ

Боловсролын зээлийн сангаас дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцагчид боловсролын зээл олгодог. 2004-2016 онд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгссөн боловсролын зээлийн сангаас зээл авсан зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн иргэдийн зээлийг төрөөс чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тиймээс дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу УИХ-д энэ асуудлын журмыг өргөн барихаар болсон байна. 2008 оноос хойш шинэ журам гарсан тул дээрх журмаар нэг ч чөлөөлөлт явагдаагүй аж. Шинэчлэгдсэн журмын дагуу диплом чөлөөлөх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж чөлөөлүүлэх ёстой болжээ.

Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй диплом хадгалагдаж байгаа аж.

Тиймээс гэрээнийхээ үүргийг биелүүлээд, нийгмийн даатгалаа төлж байгаа хүмүүсийн диплом зээлийн сангаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Боловсролын зээлийн сан буюу тухайн үеийн Төрийн сан нь голч оноогоор төгсвөл бүрэн чөлөөлдөг, зээл авсан иргэд төгсөөд таван жилийн турш нийгмийн даатгал төлсөн бол шууд чөлөөлөх үндэслэлтэй байсан.

ХУВИЙН ХЭВШИЛ ДЭРГЭДЭЭ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛБАЛ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ТӨР ДААНА

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхэд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс маш олон хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэргэдээ цэцэрлэг байгуулсан хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Байгууллагын цэцэрлэг” санаачлагыг гаргаж, аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Өнгөрөгч хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэгт 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 46305 хүүхэд хамрагдаж чадаагүй. Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, 2019 онд гэхэд 13455 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 93 цэцэрлэг ашиглалтад оруулах гэж байна.

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгоор хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачлагыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20 гаруй мянган хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна.

Тиймээс хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд дэргэдээ цэцэрлэг барих, байгууллагын цэцэрлэг санаачлагыг дэмжиж ажиллавал 20 мянга гаруй хүүхдийн тодорхой хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Засгийн газраас байгууллагын цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны зардлыг хариуцан санхүүжүүлэхийн зэрэгцээ багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр “Ариг гал” ХХК, Дулааны цахилгаан станц-3, Хууль сахиулахын их сургуулийн дэргэд 8 бүлэг, Тагнуулын ерөнхий газрын дэргэд 2 бүлэг, Гадаад харилцааны яамны дэргэд 2 бүлэг төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг байдлаар, МУБИС-ийн СӨБС-ийн дэргэд 10 бүлэгтэй цэцэрлэг, Гэрлэх ёслолын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тэдний ажилтнуудын нийт 1300 гаруй хүүхдэд зориулсан байгууллагын цэцэрлэг ажиллаж байна.

2019 ОНД 93 ЦЭЦЭРЛЭГ, 48 СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО

Шинэ хичээлийн шинэ жилд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орохоор төлөвлөөд байна. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэж, есдүгээр сарын 1-нд гэртээ эмээ, өвөөтэйгээ үлдэх хүүхдийн тоо бага ч гэсэн цөөрнө гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд 22 сургууль,64 цэцэрлэгийн барилга ашиглалтад орохоор төлөвлөжээ.

Хичээлийн шинэ жил эхлэхэд бага хугацаа үлдсэн энэ үед сургууль, цэцэрлэгийн анги засвар тохижилт болон өргөтгөлийн ажил дуусч, шинэ анги танхимдаа хүүхдүүдээ хүлээн авхад бэлдсэн байх ёстой. Харин жил жилийн намарт л ашиглалтад орж амжаагүй өргөтгөл, будаг нь хатаж амжаагүй анги танхимтай хичээлийн шинэ жилийг угтдаг нь нууц биш.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж