Хүүхэд сурч, хүмүүжихэд сургуулийн орчин хамгийн их нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сургалт сайтай, нэр хүндтэй сургуульд оруулахыг хүсдэг. Хүүхэдтэй тулж ажиллах боломж, гадаад хэлний давуу талыг бодолцож хувийн дунд сургууль сонгох нь бий. Тэдний энэ хүсэл дээр дөрөөлөн, Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын сургалтын жилийн төлбөр тэнгэрт хаджээ.
Эгэл жирийн иргэн бүх насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хоёр өрөө байрны мөнгөөр ийм сургуульд нэг хүүхэд ганцхан жил сурах ажээ. Тухайлбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль буюу "International school of Ulaanbaatar" сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 73 сая төгрөг. Гэтэл дэлхийн шилдэг сургуулийн нэг Оксфордын Их сургуулийн жилийн төлбөр 53 сая төгрөг байгаа юм. Ийм өндөр төлбөртэй байсан ч нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо хэдийнэ гүйцжээ.
Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын жилийн төлбөр:
- “International school of Ulaanbaatar”
Энэ бол Монголын хамгийн өндөр үнэтэй олон улсын дунд сургууль. Төлбөрөө ам.доллараар авдаг төдийгүй бүртгэлийн хураамж 150, фондын 4500 ам.доллар нэмж авдаг. Энэ жилийн төлбөр 1.200-1.588 ам.доллараар нэмэгджээ.
Бага анги: 21 мянган ам.доллар /56 сая төгрөг/
Дунд анги: 25.600 ам.доллар /68 сая төгрөг/
Ахлах анги: 27.300 ам.доллар /73 сая төгрөг/
- “British school of Ulaanbaatar”
Английн Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой Улаанбаатар дахь Бритиш сургууль мөн төлбөр өндөртэй сургуулиудын нэг. Бүртгэлийн 150 ам.долларын хураамжтай, ярианы шалгалт авдаг. Төлбөр нь тодорхой хэмжээгээр нэмэгджээ.
Бага анги 10.000-14.970 ам.доллар /27-40 сая төгрөг/
Дунд анги 16.680-17.920 ам.доллар /45-48 сая төгрөг/
Ахлах анги 17.920-19.350 ам.доллар /48-52 сая төгрөг/
- “American school of Ulaanbaatar”
АНУ-ын Ерөнхий боловсролын систем дээр үндэслэн хөтөлбөрөө явуулдаг “Wasc” байгууллагаас итгэмжлэгдсэн Олон улсын сургууль юм. Энэ жил сургуулийн төлбөр нэг сая төгрөгөөр нэмэгдсэн. Шалтгаан нь инфляц, валютын өсөлттэй холбоотой хэмээн тайлбарласан. 1-р ангийн 3 бүлгийн анги дүүргэлт дууссан. Нэмэлт элсэлт авахгүй.
Бага анги: 16 сая төгрөг
Дунд анги: 20 сая төгрөг
Ахлах анги: 24 сая төгрөг
- “Хобби" бүрэн дунд сургууль
Монгол Улсын анхны хувийн хэвшлийн "Хобби" бүрэн дунд сургууль. 1-р ангийн таван бүлэгтэй. Нэг ангидаа 20-25 хүүхэдтэй. Элсэлтийн тоо гүйцсэн. Энэ жилийн төлбөр нэмэгдээгүй.
Бага анги: 9 сая 192 мянга 960 төгрөг
Дунд анги: 10 сая 342 мянга төгрөг
Ахлах анги: 10 сая 910 мянга 610 төгрөг
- “Путонхуа” Хятад хэлний сургууль
Энэхүү бүрэн дунд сургууль нь хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Энэ жилийн хувьд төлбөр 500 мянган төгрөгөөр нэмэгджээ. Хүүхдээ нэгдүгээр ангид бүртгүүлэхэд 100 мянган төгрөг дансанд байршуулна. Анги дүүргэлт 22 хүүхдээс хэтрэхгүй.
Бага анги: 3 сая 500 мянга төгрөг
Дунд анги: 3 сая 500 мянга төгрөг
Ахлах анги: 4 сая төгрөг
- “Гёте” Германы хөрөнгө оруулалттай сургууль
ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай Герман, англи хэлний сургуулийн төлбөр энэ жил 500 мянгаар нэмэгджээ. Төлбөрөө жил бүр нэмдэггүй. Энэ жилийн хувьд улс даяар багш нарын цалин нэмэгдэж буйтай холбоотойгоор ийнхүү төлбөрөө нэмжээ.
Бага анги: 5 сая төгрөг
Дунд анги: 6 сая төгрөг
Ахлах анги: 6,5 сая төгрөг
- “Эмпати” Монгол-Туркийн хамтарсан сургууль
Энэхүү Монгол-Туркийн хамтарсан сургууль нь дунд анги буюу 6-р ангиас эхлэн элсэлт авдаг. Жилийн төлбөр нь 3 сая 300 мянга, дээр нь дотуур байрны 2 сая 300 мянга, хоолны мөнгө 1 сая, нийтдээ 6 сая 600 мянган төгрөг. Дүрэмт хувцас болон ном сурах бичиг үнэгүй. Энэ жил сургалтын төлбөр нь нэмэгдээгүй.
- “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль
Мэргэжлийн Сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн байгуулсан бүрэн дунд сургууль. Байгуулагдаад нэг жил болж буй. Анги дүүргэлт 4 бүлгийн 30 хүүхэдтэй. 1-р ангийн элсэлт дууссан.
Бага анги: 4 сая 700 мянга
Дунд анги: 6 сая 800 мянга
Ахлах анги: 4 сая 900 мянга
Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиудын сургалтын төлбөр ийм байна. Энэ жил эдгээр сургуулиуд ихэнх нь төлбөрөө нэмжээ. Шалтгаан нь инфляцийн өсөлт, валютын ханш, багш нарын цалин нэмсэнтэй холбоотой хэмээн тайлбарлав. Өнөөдрийн байдлаар /8.15/ эдгээр сургуулиудын 1-р ангийн элсэлт дууссан байна.
Хамгийн өндөр төлбөртэй сургуулийн ам.доллараар авах төлбөрийг мөнгөн дүнд шилжүүлбэл /27.300х2672/ өнөөдрийн ханшаар 72 сая 945 мянган төгрөг болж байна.
Oxford /Их Британи/ төлбөр: 20.000 ам.доллар буюу 53 сая төгрөг
Harvard /АНУ/ төлбөр: 38-40.000 ам.доллар буюу 102-106 сая төгрөг
Cambridge /Их Британи/ төлбөр:18-20.000 ам.доллар буюу 48-53 сая төгрөг
Монголд үйл ажиллагаа явуулж буй 137 хувийн өмчийн дунд сургууль байна. Эдгээр сургуулиуд өнөөдрийг хүртэл Төрөөс хувьсах зардал авдаг хэвээр байна. 2015 онд хуульд өөрчлөлт орохоос өмнө хувийн ерөнхий боловсролын сургуульд өгдөг хувьсах зардлын хэмжээ 1,5 тэрбум төгрөг байжээ. Харин 2017 онд энэ тоо 25 тэрбум төгрөгт хүрсэн. 2018 онд энэхүү зардал 30 тэрбум төгрөг болсон гэдгийг албаныхан ярьж байна.
Холбоотой мэдээ