Х.Цагаанбаатар: Казах курес бөхийн төрлийг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар: Казах курес бөхийн төрлийг хөгжүүлнэ

Х.Цагаанбаатар: Казах курес бөхийн төрлийг хөгжүүлнэ

Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд болно. Монгол Улсад анх удаа болох тэмцээнд 11 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан Азийн курес бөхийн холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатараас тодруулга авлаа. Тэрбээр 2018 оноос эхлэн Азийн холбоог тэргүүлэн ажиллаж байна.

-Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болох гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил хэр явна. Зохион байгуулах эрхийг нь яаж авав? Энэ тухай эхлээд товчхон мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ тэмцээн Азийн курес бөхийн холбоо, Олон улсын курес бөхийн холбоотой хамтран Монголд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэмцээний эрхийг өнгөрсөн зургадугаар сард олон улсын курес бөхийн холбооны хурлаас бидэнд өгсөн юм. Эрхийн төлөө Узбекстан, Кыргызстан, Монгол гэсэн гурван  улс өрсөлдөж, өөрийн төслөө явуулж, манайх шалгарсан. Шалгарахад нөлөөлсөн зүйл нь мэдээж давуу тал, онцлог зэргийг илүү сайн тусгасан. Тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин оролцоно. Манай улсаас нэг жинд хоёр тамирчин оролцож, зохион байгуулагч орны давуу эрх эдэлнэ. Үүнийг Олон улс болон Азийн холбоотойгоо ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэсэн.

-Шагналын сан өндөртэй гэсэн. Энэ тухай дэлгэрүүлбэл?

-Жин тус бүрт түрүүлсэн тамирчин 1000 ам.доллар хүртэнэ. Харин мөнгөн медалийг 500, хүрлийг 300 ам.доллар дагалдах юм. Үүнээс гадна үнэмлэхүй жингийн барилдаан болно. Үүнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгийг 2000, хүрлийг 1000 ам.доллараар байлна.

-Энэхүү бөхийн төрлийг Монголд хөгжүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Жүдо, чөлөөт бөх, олимпийн төрлийн спортоор олон тамирчин хичээллэдэг ч тэдний цөөхөн нь л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Олон жилийн турш хөдөлмөрлөсөн атлаа хэлхээтэй хэдэн төмөр, хэмхэрхий бие л үлддэг. Тиймээс шигшээ багаас гадна үлдсэн, олимп, дэлхийн аваргад оролцож чаддаггүй бусад тамирчинд боломж олгох үүднээс энэхүү бөхийн төрлийн спортыг хөгжүүлэх санаа төрсөн. Үүнийг хөгжүүлснээр эх оронч үзэлтэй, гүйлгээ ухаантай, сэтгэлийн хаттай эрүүл иргэн өсөн бойжих боломжтой. Надад маш их таалагдсан. Би 2006 оноос казах куресаар барилдаж эхэлсэн. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, миний бие гээд олон хүн энэхүү спортоор хичээллэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид байдаг.

-Казах күресаар монгол хүн амжилт гаргах боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Өмсгөлийн хувьд самбынх шиг. Дүрмийн хувьд хөл нь хөлтэй, гар нь гартайгаа барилддаг, жүдотой адилхан. Тийм атал монгол үндэсний бөх шиг бүснээс барьц авч болно, гар газар хүрвэл оноо авна. Үнэлгээний хувьд таван янз. Яг жүдогийн хуучны коко, юүко, вазари, иппон гэдэг шиг бук, жамбас, жартилай, женис, таза гэсэн таван үнэлгээтэй. Гурван бүүк нийлээд нэг жамбас болдог. Яг л жүдогийн хуучин дүрэм гэсэн үг. Үндсэн таван минутад оноо авалцахгүй дуусвал үндэсний бөх шиг барьц сонгодог. Ингээд дэвжээнээс түлхэж гаргах, эсвэл барилдааны явцад гараа тавих юм бол шууд ялалт авдаг онцлогтой. Дээрээс нь хэвтээ барилдаан гэж байхгүй. Энэ нь үзэгчдийн сонирхлыг ч маш их татна. Монгол тамирчны барилдааны онцлогт тохирсон спорт гэж харж байгаа юм. Яг одоогоор Улсын начин Б.Серик, Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ган.Түвшинжаргал зэрэг бөхчүүд маш сайн барилдаж байна. Мөн Улсын харцага Д.Анар, начин А.Давааням нарыг нэрлэж болно.

-Бөхийн өргөөг яагаад сонгов. Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нөлөөлсөн үү?

-Зохион байгуулах хорооныхон зургадугаар сард манай улсад ирэхдээ спортын цогцолборуудтай танилцаад Монгол бөхийн өргөөг сонгосон. Үүнд ямар нэгэн тэмцээн нөлөөлөөгүй. Цэвэр олон улсын казах курес бөхийн холбооны хүмүүсийн сонголт, шийдвэр юм.

-Казах куресийн ижил төрлийн спортоос ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-Бэртэл гэмтэл багатай спорт. Хамгийн гол нь монгол үндэсний бөхчүүдэд маш дөхөм. Дүрэм нь маш энгийн, ойлгоход хялбар. Ерөөсөө 10-15 минут үзэхэд л энэ спортын оноо олгох дүрмийг шууд ойлгоно. Гар газар хүрэх төдий л оноо өгдөг учраас тамирчдаас маш их авхаалж самбаа шаардана. Үзэгчдийг огт уйдаахгүй. Жинхэнэ классик барилдаан гарах боломжтой, гоё савалтууд гарна. Газар тулах агшинд л шууд барилдааныг зогсоож, дахиад шинээр эхлүүлдэг. Анхны уналтаараа үнэлгээг тооцдог. Ийм л энгийн дүрэмтэй спорт байна даа.

Бөхийн төрлүүдийн нэг казах куресаар хичээллэх бөхчүүд олноор төрөн гарч, манай улсад Улсын начин Б.Серик тэргүүтэй бөхчүүд амжилттай барилдаж байна. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ч.Болдбаатар, багийн ахлагчаар Г.Түвшинжаргал нар ажиллаж байгаа бөгөөд тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Бөхийн өргөөнд хоёр өдөр болох тэмцээний үеэр азтай үзэгчийг тодруулах бөгөөд супер шагналд суудлын автомашин өгөхөөр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж