Өнгөрсөн долоо хоногт Кремль Оросын хойд хэсэгт болсон пуужингийн ослыг үл харгалзан цөмийн зэвсгийн шинэ туршилтад ялалт байгуулснаа тэмдэглэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Манай туршилт энэ салбарт бусад орны хүрч чадсан хэмжээнээс давж гарсан нь маш өвөрмөц явдал болсон" гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Бид хэзээ ч ялагдашгүй” гэсэн бөгөөд шинэ цөмийн зэвсэг боловсруулж буй тухайгаа дурьдсан байна. ОХУ нь цөмийн хөдөлгүүр бүхий далавчит пуужин, усан доогуур ажилладаг цөмийн нисгэгч пуужин, лазерийн зэвсэг зэргийг туршсан аж.
ОХУ-ын цөмийн “Росатом агентлаг “Наймдугаар сарын 8-ны өдөр пуужин турших явцад осол гарсны улмаас таван хүн амь насаа алдаж, гурван хүн шархадсан" гэж мэдэгджээ. Амиа алдсан инженерүүдийг баатрууд хэмээн хүндэтгэл үзүүлсэн ба цаашид шинэ зэвсгээ үргэлжлүүлэн боловсруулах юм байна. Одоогоор ослын бүсэд ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа ба цэвэрлэгээ хийх үед ойролцоох Нионокса тосгоны оршин суугчдыг түр хугацаагаар гэрээ орхин явахыг эрх баригчид зөвлөжээ.
Мөн Оросын цаг уурын албаныхан мягмар гаригт “Северодвинск хотын ойролцоо цацрагийн түвшин 16 дахин нэмэгдсэн” гэж мэдэгдсэн ба ослын улмаас хохирсон хүмүүст эмнэлгийн туслалцаа үзүүлсэн эмч нарыг Москвад эмчийн үзлэгт хамруулсан байна.
Уг дэлбэрэлт нь Оросын хөтөлбөрт ихээхэн саад учруулж болзошгүй байгаа бөгөөд ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Цаашид “Ослын талаарх мэдээллийг ил болгохгүй байх тухай эмнэлгийн ажилчидтай гэрээ байгуулсан” гэж ТАСС агентлаг мэдээллэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь өнгөрсөн даваа гаригт ослын талаар Твиттер хуудсандаа “ОХУ-ын цөмийн хөдөлгүүр бүхий далавчит пуужингийн туршилтын үеийн дэлбэрэлтээс их зүйлийг мэдэж авсан” хэмээн бичжээ.
Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ