Улаанбаатар хотын авто машины түгжрэлийг сааруулахын тулд бүсчлэлд хувааж татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарыг “А” бүс рүү нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг маргаашнаас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан ч буцжээ.
Хотын захиргаанаас бүсчлэлээс ухарсан шалтгаанаа иргэдийн олонх нь дэмжээгүй гэж тайлбарлаж буй юм. Товчхондоо бол МАН ирэх жилийн сонгуульд үсгүй болтлоо “хусуулна” гэхээс айсан хэрэг л дээ.
Үнэнийг хэлэхэд бүсчлэлийг хэрэгжүүлсэн ч “хусуулна”, хэрэгжүүлээгүй ч ялагдана гэдгээ эртхэн мэдрээд хувь заяатайгаа эвлэрсэн нь дээр байгаа юм.
УИХ-д суугаа хууль тогтоогчид нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл хумсалж, ширэн нүүрлэж суухад толгойг нь илээд дахиад сонгодог сонгогч хаа байх билээ. Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулснаас болж, авлигачид яаж ялаас мултрав. 10 мянган ам.доллар оймсноосоо гаргаж ирээд л төрийн албыг яаж арилждаг болохыг бултаараа харсан. Дарханы замыг шинэчлэнэ гэж хуу татаж хаяад юу болов, түр зам нь шаардлага хангахгүй бороо орох бүрийд жолооч нар үгээ барж явна. Махны үнийг тэнгэрт гаргасан. Гэтэл авдаг цалин, тэтгэвэр нь махаа хүчрэхгүй болгосон.
Хуучин цагт МАН-д улс эх орны эрх ашигт нийцэж байвал ялагдсан ч хамаагүй гээд зүрх зоригтой шийдвэр гаргадаг лидерүүд байж, одоо бол хувийн эрх ашгаа л илүүд үзсэн, ажил ч хийж чаддаггүй нь олширчээ. Тэгсэн хэрнээ нэг их олигархуудтай тэмцэж байгаа царай гарган сүрийг үзүүлнэ.
Ард түмэн хар, цагааныг ялгадаг болчихоод байна шүү, худлаа сүр үзүүлж, сэлэм хуйлдаг жүжгээ зогсоохгүй бол тараа улам таниулаад доог шоог болж, гүйцэх нь.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ