Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Энэ сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр манай баг тамирчдын салхийг хагалж, эмэгтэй тамирчид дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдлаа.
Хуваарийн дагуу өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 44, 51, 59 болон 67 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд манай улсаас Э.Нарангэрэл /44 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Батцэцэг /59 кг/, С.Пүрэвхүү /67 кг/ нар зодоглосон юм.
Тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөсөн бөгөөд манай дөрвөн тамирчин бүгд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Харин медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 00.30 цагаас эхлэх юм.
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд хүч сорьсон Э.Нарангэрэлийн тухайд эхний тойрогт хийлж, улмаар Герман болон Латвийн тамирчдыг ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны бөх Марзигет Багомедовад 12:4 харьцаатай ялагджээ. Ингэснээр Э.Нарангэрэл хүрэл медалийн төлөө Румыны Октавия Илеана Добрескутай барилдахаар болсон юм.
Харин 51 кг-ын жингийн төлөөлөгч Д.Отгонцэцэг хэсгийн барилдаанд Тайланд, Румын болон Украйны тамирчдыг төвөггүй буулган авсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын бөх Сүн Янаньд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Приянка Ражпал байх юм.
Мөн тэмцээний 59 кг-ын жинд С.Батцэцэг эхний барилдаандаа Хятадын бөхөд ялагдсан боловч манай тамирчинг ялсан Жан Лань цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир манай тамирчин дагах барилдаанд зодоглож, АНУ-ын бөх Татьяна Суарезийг 4:1 харьцаатай ялснаар хүрэл медалийн төлөө Японы тамирчинтай хүч үзэхээр болжээ.
Түүнчлэн 67 кг-ын жингийн ангилалд эхний тойрогтоо хийлсэн С.Пүрэвхүүгийн тухайд дараагийн барилдаанууддаа Болгар, Энэтхэгийн бөхчүүдийг ялсан ч мөн л хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Тэрбээр Норвегийн тамирчин Женни Аардаленд 5:0 харьцаатай ялагдсанаар аваргын төлөө барилдах боломжоо алдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхтэй барилдана.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ