Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын байр суурийг сонслоо.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: БИ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛДАГ НИЙГЭМД АМЬДАРДАГ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА
–Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энд үйл ажиллагаа явуулж буй нэг компани нь тантай хамааралтай гэдэг. Энэхүү шийдвэр нь хэр зөв шийдвэр вэ?
-2010 онд тусгай зөвшөөрлийг худалдаж аваад, 2017 онд өөр бусдад худалдсан. Энэ бүхэн олны өмнө нээлттэй л байсан. Тухайн шилжүүлж авсан компанийн хүмүүстэй уулзаагүй болохоор мэдээлэлгүй байна.
–Засгийн газрын хэлсэнчлэн тухайн компани зөвшөөрөл авахдаа хууль зөрчсөн гэдэг тайлбарыг өгөөд байгаа?
-Одоо бид олон юм яриад яах вэ. Бүх үүх, түүхээ цаасаар нь бэлтгээд танилцуулна. Бизнесийн эрсдэл юм. Би өөрөө 2016 онд гарсан. Гэхдээ надтай холбогдсоноор тэр залуучуудын хувьд Монголын бизнесийн түүхэн дэх улс төрөөс шалтгаалсан хамгийн том хэлмэгдүүлэлт болох байх. Анх лиценз авахдаа Монгол Улсын хууль журмын дагуу л авсан.
-Энэ тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь зүгээр баялгийн тулаан, өөр улстөрч эзэн нь сууна гэх шүүмжлэл их байна?
-Энэ уурхайг улстөрчид олборлоно гэдэг юу л бол. Миний нэр оролцсоноороо энэ компани дампуурч байна шүү дээ. Асуудал нь надад байна. Би уг нь ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан юм. Хөрөнгө оруулалтыг хамгаалдаг нийгэмд амьдарч байна гэж бодож байсан.
-Цаашид хууль, шүүхийн процесс гээд явах байх?
-Би эзэмшиж байсан компаниа 2017 онд өөр хүмүүст шилжүүлсэн байсан. Би худалдаад мөнгөө ч гүйцэд аваагүй байсан. Би тэр компанийг авсан залуучуудтай уулзаагүй, ямар ч гэсэн хүнд байдалд орсон гэсэн мэдээлэл байна. 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон гэж сонсч байсан. Гэхдээ ямар ч гэсэн уулзана. Ёс зүйн хувьд тэр компани том хохирол амссан байх.
-Танай намын дотоод зөрчил сүүлийн нэг жилийн хугацаанд үргэлжилж байна. Энэ удаагийн энэ шийдвэр улс төр, намын дотоод зөрчилтэй холбооотой юу?
-Ийм зүйлийг нотлоогүй учраас би яримааргүй байна.
-Төр хувийн хэвшил, бизнестээ ийм байдлаар хандах нь зөв үү. Цаашид ямар эрсдэл дагуулж болох вэ?
-Би хохирогчдын нэг учраас өөрийнхөө тухай ярьмааргүй байна. Олон нийт өөрсдөө дүгнэлт хийнэ байх.
-Тост, тосон бумбын нуруунд олон компани үйл ажиллагаа явуулж байсан. Энэ олон аж ахуй нэгжийн асуудал хөндөгдөж байх шиг байна?
-Өмнө нь 10 уурхай байсан, 4-5 компани одоо хүсэлтээ өгсөн байгаа гэсэн.
Д.СУМЪЯАБАЗАР: НЭГ ХҮНД ЗОРИУЛЖ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ
–Засгийн газраас Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Энд үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудын үйл ажиллагаа зогсч байх шиг байна?
-Нэг хүнд зориулсан шийдвэр гэж байхгүй шүү дээ, бүхэлд нь оруулж байгаа юм. Аймгийн Засаг дарга байж байгаад өөрөө лиценз авсан гэх мэтчилэн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын асуудлыг судалж, хариуцлага тооцно. Авах гэж байгаа бол авсан шиг авах хэрэгтэй.
-Анх лицензийг нь хэзээ олгосон юм бэ. Лиценз олгох асуудал нь анхнаасаа хууь бус байсан гэсэн үг үү?
-1992 оноос эхлэн олгогдож эхэлсэн байдаг. 2012-2016 онд энэ улс орныг хамарсан тусгай зөвшөөрлүүдийн тоо, хууль бус олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талаарх шүүмж бол өнгөрсөн хугацаанд маш олон ирсэн байдаг. Сум, орон нутаг, аймаг тусгай зөвшөөрлийг олгох хурал хийж, тусгай зөвшөөрөл олголтыг хавтгайруулсан. П.Жасрай гуайн Засгийн газрын үед тусгай зөвшөөрөл олголт маш цэгцтэй байсан ч 1997 оноос шинэ хууль орж ирээд, 17 мянга орчим тусгай зөвшөөрөл олгогдсон байсан. Татвар хураамжаа төлөөгүй, хууль бусаар олгогдсон, өндөр үнээр аваад буцааж өгсөн гээд олон тохиолдлууд бий. Өнөөдрийн байдлаар нийт 2915 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1600 гаруй, хайгуулын 1200 орчим бий. У.Хүрэлсүх даргын Засгийн газар байгуулагдаад хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх, түүнтэй тэмцэж ирсний үр дүнд олон зүйлүүд цэгцэрч байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хууль дүрмийн хүрээнд, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэж, орон нутаг болон Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа ийм аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн дэмжээд явна. Орон нутгийн иргэдийн бухимдал, хууль, шүүх цагдаа гээд олон асуудал дагуулсан ийм асуудал дээр эхнээс нь арга хэмжээ аваад явж байна.
–Зөвхөн Б.Чойжилсүрэн гишүүнтэй хамаралтай компани гэхэд 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан байна. Тэгэхээр бусад компаниуд ч гэсэн нилээдгүй хэмжээний хөрөнгө гаргасан гэсэн үг. Үүнийг Засгийн газар хариуцаж, нөхөн төлбөр олгох уу?
-Хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. Аж ахуй нэгжүүдэд бол хүндрэлтэй л байгаа. 130 орчим тэрбум гэдэг бол бага мөнгө биш ээ. Энэ асуудал олон зүйлийг ардаа дагуулж байгаа.
-Цаашид ч үргэлжилнэ гэсэн үг үү?
-Тост, тосон бумбын нураанд авсан арга хэмжээ зөвхөн нэг хүнд, нэг аж ахуй нэгжид зориулсан арга хэмжээ биш. Тусгай хамгаалалтад авсан учраас дараагийн асуудлаа шүүхийн хүрээнд шийдээд явах байх.
Холбоотой мэдээ