Жил бүрийн зуны адаг сарын шинийн дөрвөнд бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн өдөр тохиодог. Өнөөдөр энэ өдөр тохиож, Гандантэгчинлэн хийдийг зорих сүсэгтэн олны цуваа тасралтгүй үргэлжилж байна.
Бурхан багшийг энэ өдөр гурван номын хүрдийг эргүүлсэн гэж ярьдаг байна. Ингэхдээ хамгийн гол ном нь Хутагтын дөрвөн үнэн ном аж. Хутагтын дөрвөн үнэнд зовлон үнэн, зовлонгын шалтгаан үнэн, золонгоос гарах арга зам байдаг, зовлонг гэтлэх нь үнэн юм аа гэсэн дөрвөн үнэнийг айлджээ. Мөн бурхан бол нүгэл хилэнцийг гараараа арилгадаггүй, амьтны зөвхөн сэтгэлийг номхотгож, гэмийг барах их номыг айлдсанаараа амар амгалантай учруулна гэж үздэг байна.
Бурхан багшийн номын хүрд эргүүлсэн энэ өдрийг тэмдэглэх хүрээнд Гандантэгчинлэн хийд, Жавзандамба хутагт төв, Таны буян даган баясая төв, Цаг цагийн хүрдэн төв, Гурван эрдэнэ сүсэгтний холбоо хамтран олон арга хэмжээ зохион байгуулж буй юм. Сүсэгтэн олонд хандсан арга хэмжээ өнөөдөр 08.00 цагаас эхэлжээ. Тодруулбал, Есдүгээр богдын сойвон лам байсан Одсүрэн ренбүүчигээс сүсэгтэн олонд зориулж нэг өдрийн буяныг тэтгэх, нүглийг ариусгах бацаг сахил хүртээсэн байна. Мөн маань тарни хөгжөөх, дээдийн номыг хамтдаа даган унших, нийтээрээ буян хурах ажиллагаа боллоо. Үүний зэрэгцээ Бурхан багшид цэцгэн тахил, хадган тахил, усан тахил өргөж, сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. Бурхан багшид дээрх гурван төрлийн тахил өргөснөөр эрдэм бүгдийг цогцлоосон, гэгээрлийн хутгыг олох уг шалтгаанаа бүрдүүлнэ гэж үздэг аж.
Мөн одоо 18.00-20.30 цагийн хооронд Гандантэгчинлэн хийдийн лам нар Алтангэрэл судрын тайлбар, Хутагтын дөрвөн үнэн, Маанийн ач тус эрдэм, Бурхны шашны үзэл явдал, Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх сэдвээр сүсэгтэн олондоо ном айлдах юм. Өнөөдөр ажлын өдөр тул сүсэгтэн олонд боломж олгох зорилгоор дээрх цагийг сонгожээ.
Бид энэ удаад Жавзандамба хутагт төвийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ч.Даваахишигтэй уулзаж, дараах асуултад хариулт авлаа.
-Бурхан багшийн дүйчин өдрүүд жилдээ дөрөв тохиодог. Өөр, өөрийн онцлогтой дүйчин өдрүүд үү. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бурхан багшийн дүйчин өдөр жилдээ дөрөв тохиодог. Хаврын тэргүүн сарын шинийн 1- 15 хүртэлх нь Бурхан багшийн тэрсүүдийн багш нарыг номхотгосон өдөр тохиодог. Цагаан сар бол дөрвөн дүйчингийн нэг гэж ойлгож болно.
Зуны эхэн сарын шинийн 15-н бол Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгыг олсон, нирваан дүрийг олсон гурван дүйчин давхацдаг их дүйчин өдөр.
Зуны сүүл сарын шинийн дөрвөнд бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчин өдөр тохиодог. Энэ нь өнөөдөр тохиож байна.
Хаврын адаг сарын 22-нд Бурхан багш эхийн ачийг хариулсан өдөр тохиодог. Ийм учиртай.
-Энэ өдөр төлөвлөсөн хамгийн том арга хэмжээ техникийн саатлын улмаас хойшиллоо гэсэн мэдээлэл байна?
-Тийм ээ, хамгийн том үйл ажиллагаа нь Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай багшаар нэг өдрийн буяныг тэтгэх, нүглийг ариусгах, их хөлгөний сахилыг хайрлаач ээ хэмээн айлтгал өргөсөн боловч техникийн асуудлаас болоод энэ маань бүтсэнгүй. Мөн Далай багш монголчуудад дүйчин өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн нь бас л болсонгүй. ТВ-9 телевизээр шууд дамжуулахаар төлөвлөж байсан ч техникийн саатал гарсан, тийм учраас нөхөж гаргана.
-Орой болох арга хэмжээн дээр лам хуврагууд ямар ном айлдах юм бэ?
-Орой 18.00-20.30 цагийн хооронд Гандантэгчинлэн хийдийн дээдэс лам нар хүрэлцэн ирж, Алтангэрэл судрын тайлбар, Хутагтын дөрвөн үнэн, Маанийн ач тус эрдэм, бурхны шашны үзэл явдал, Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх сэдвээр сүсэгтэн олондоо ном айлдана.
-Монголчууд Алтангэрэл сударт их ач холбогдол өгдөг. Энэ нь ямар утга учиртай ном юм?
-Бурхан багшийн аман зарлиг 108 ганжуур багтдаг. 108 ганжуурын нэг нь Алтангэрэл судар юм. Алтангэрэл судар залаагүй айл өрх бараг байдаггүй болов уу. Алтангэрэл судрыг залаагүй айл өрхийг бэлбэсэн айл гэж монголчууд хэлдэг. Монголчууд яагаад Алтангэрэл судрыг тахин шүтдэг бэ гэвэл монголчуудаас гаралтай даллага авах зан үйл туссан байдаг.
Монголчууд маш их даллага авах дуртай ард түмэн. Эд баялаг, урт нас, үр хүүхэд, амар амгалан, гэгээрлийн хутгын уг шалтгаан болсон буян хийх учралыг хүртэл даллан дууддаг.
Алтангэрэл сударт олон бурхны шашныг тэтгэгч бурхан шашныг сахин хамгаалагч сахиуснууд ам тангараг өргөсөн судар байдаг. Энэ судрыг залсан, энэ судрыг уншсан, энэ судрын утгыг ойлгоод амьтны тусыг үйлдсэн тэр бүх бодгалуудыг сахин хамгаалах болно гэж номлосон байдаг. Энэ нь гал усны аюул, хүмүүн бусын хорлол, дөрвөн махбодын догшролоос хамгаална гэсэн утгатай. Энэ утгаар нь монголчууд маш их тахин шүтдэг.
Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй, ард түмэн. Ган зуд маш их хохирол авчирдаг. Өргөн дэлгэр нутагт, цөөхүүлээ амьдардаг учраас хуй салхи, үер, галын аюулаас авран хамгаална гэж итгэдэг. Энэ утгаар нь Алтангэрэл сударт илүү ач холбогдол өгч тахин шүтэж, залж ирсэн юм.
Онцлоход, дээрх өдрийн хүрээнд Гандантэгчинлэн хийдийн гадаах талбайд 20-50 хувийн хямдралтай дээдийн номын худалдаа мөн гарч байгаа юм.
Г.ДАРЬ