Монголын уулчдын үндэсний холбооноос эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

Монголын уулчдын үндэсний холбооноос эмгэнэл илэрхийлэв

Алтай таван богдын хүйтний оргилд авирч яваад харамсалтайгаар амиа алдсан таван уулчдын ар гэрийнхэн, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь Монголын уулчдын үндэсний холбооноос өнөөдөр гүн эмгэнэл илэрхийлж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон энэхүү харамсалтай осол Монголд уулчид осолдсон дөрөв дэх тохиолдол болжээ. Талийгаачдын гурав нь "Эрүүл Монгол" уулчдын клубт бүртгэлтэй боловч Алтайн таван богдод аялах талаараа Монголын уулчдын нэгдсэн холбоонд мэдэгдээгүй байна. Уг нь Монголын уулчдын нэгдсэн холбоонд харъяалалтай уулчин, клубууд хэзээ, хаашаа, ямар ууланд гарч, аялахаа цаг тухайд нь мэдэгдэж байх журамтай гэнэ. Мөн "Монголиан Экспедишн" гэх жуулчны компани Алтай таван богдод хүн авирч, оргилд гарсаны 100-н жилийн ой нэрийдлээр ямар ч зохион байгуулалтгүйгээр уулчдыг авч явсан тухай дурдлаа.

Ж.БАЯНЦАГААН МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ Н.Б.Д

Талийгаачдын гурав нь туршлагатай уулчид байсныг мэргэжилт нэгт нөхөд нь тодотголоо. Харин үлдсэн хоёр нь буюу 21 настай эмэгтэй, Дорнод аймгаас оролцсон залуу нь өмнө нь зөвхөн Цамбагарав, Сутай ууланд л гарч байжээ. Мөн талийгаачдын осолдсон зам уулчдын хувьд тийм ч хүнд зам биш байсан. Тэр замаар л уулчид Алтайн таван богдын хүйтний оргилд гардаг байсан тухай Монголын уулчдын үндэсний холбооны ТУЗ-ийн гишүүн  Д.Батжаргал ярьлаа. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас газарт цав сууж, ангал гарсан байх магадлалтай гэсэн юм.

Д.БАТЖАРГАЛ МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТУЗ-ИЙН ГИШҮҮН

Баян-Өлгийн аймгийн Алтай таван богд хайрхан нь төрийн хамгаалалтанд байдаг. Орос, Хятад, Монгол гэсэн гурван хилийн зааг тойрдог. Өөрөөр хэлвэл хилийн зурвас байдаг учир Таван богд ууланд Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч байж, нэвтэрдэг аж. 

Д.УЛАМБАЯР 

Зураглаач Э.ЭНХБАТ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж