Каталоны “Барселона”-гийн шинэ улирлын өмнөх АНУ дахь бэлтгэл, нөхөрсөг тоглолтод Лионель Месси оролцохгүй, амрахаар болсон. Үүнд нь Америкт амьдардаг хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид эгдүүцэж, шүүмжилж буй юм. Тэгвэл Луис Энрике багийнхаа лидерт амрах боломж өгөхийг уриалжээ.
“Үүнээс болж бухимдаж, дургүйцэж буй хүмүүсийг би ойлгож байна. Учир нь тэд дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг “амьд”-аар нь харахыг хүссэн нь тодорхой. Гэвч бүгдээрээ хүнлэг байя л даа. Лео өнгөрсөн улиралд хэдий хугацаа зарцуулсаныг та бүхэн мэдэх үү? Тэр улирал дуустал Ла лиг, Испанийн цом, Аваргуудын лиг гээд бас дээр нь шигшээ багтайгаа Өмнөд Америкийн цомд оролцлоо. Тэгээд тэнд бүр финал хүртэл тоглосон.
Энэ хүн чинь амрах ёстой биз дээ? Тэр одоо ч багтайгаа хамт байхыг хүссэн. Гэвч бид түүнд үүнийг хориглож, хүчээр амруулж байгаа юм. Тэр одоо амарч авах хэрэгтэй. Тэгээд эргээд ирэхдээ хөлбөмбөгөөрөө бүр ангачихсан байх болно. Месси бидэнд албан ёсны тоглолтод маш их хэрэгтэй шүү дээ. Бид ирэх улиралд дахиад л оролцож буй бүх тэмцээндээ түрүүлэх зорилго тавьж байгаа” гэж Луис Энрике өгүүлсэн байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn