Түр зуур хүчтэй бороо орлоо

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

Түр зуур хүчтэй бороо орлоо

Өнөөдөр 13.30 цагийн үед нийслэл хотод хүчтэй бороо орлоо. Бидний Нийслэлийн онцгой байдлын албаас авсан мэдээллээр Баянзүрх дүүргийн 1, 2-р хороонд болон зарим дүүргээс үерийн дуудлага иржээ.

Ойрын өдрүүдэд нутгийн төв, зүүн хэсгээр ус ихтэй үргэлжилсэн бороо орж байна. Нийслэлд ч энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өдөр бүр бороо орж буй билээ. Хамгийн сүүлийн жишээ өнөөдөр өдрийн үдээс хойш хотын төв хэсэгт усархаг бороо богинохон хугацаанд орж, нийслэлийн багагүй хэсгийг үерийн усанд автууллаа. 

Тухайлбал, хотын төв хэсэг, багшийн дээд, хөдөө аж ахуйн буудал, Чингис зочид буудлаас уруудах зам, 3, 4 дүгээр хороолол гэх зэрэг олон газарт зам талбай үерт автлаа. Нийслэлийн зам дагуух ус зайлуулах байгууламжууд ашиглалтын шаардлага хангахгүй болсон, ачааллаа даахгүй, хогоор дүүрсэн зэрэг хүндрэл бий. Үүнээс болж, бороо орох бүрт нийслэлийн төв зам усанд автсаар байна.

Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 45-55 см нэмэгдэж, Өлзийт болон Хархорин сум орчимд үерийн түвшинг 10-40 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Онги голын адгаар усны түвшин өнгөрсөн өдрүүдэд нийт 85 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин Орхон, Ховд, Буянт, Байдраг, Онги зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж