Монголчууд Олимпийн аваргатай болсон өдөр

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Монголчууд Олимпийн аваргатай болсон өдөр

Монголчууд Олимпийн аваргатай болсон өдөр

Монголын тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх оролцож, 1968 оны Мехсикийн наадмаас анхны медалиа авч байлаа. Гэхдээ 2008 оны Бээжингийн зуны XXIX олимпийн наадам хүртэл аваргын алтан медалийг монголчууд хүлээж суусан юм. Энэ удаа 28 тамирчин хөрш зэргэлдээ Бээжин хотыг зорьж, хоёр алт, хоёр мөнгөн медальтай ирж байсан түүхтэй. Тэртээ 2008 оны наймдугаар сарын 14-н монголчуудын хувьд түүхэн баярын өдөр тохиосон юм. Энэ өдрийг эргэн дурсаж Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын амжилтыг эргэн сануулъя.

2008 оны наймдугаар сарын 14.

Жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Японы бөх К.Сүзүкитэй хийх байсан юм. Түүний сугалаа хүнд байсан бөгөөд “Афин 2004” олимпийн аварга, 2003, 2005 оны дэлхийн аварга цолтой бөхтэй таарсанд хэн ч ялна гэж итгээгүй. Тиймээс жүдо бөхийн төрлөөс монголчууд медальгүй буцах нь тодорхой боллоо гэцгээж байсан юм. Гэтэл дэвжээнд гарсан Н.Түвшинбаяр Сүзүкиг цэвэр ялж, улмаар Герман, БНСУ, Азарбайжаны бөхчүүдийг дараалан ялж финалд гарч ирсэн. Энэ үед л түүнд итгэсэн монголчууд мөнгөн медаль биш аваргын алтан медалийг хүсэж байлаа.

Н.Түвшинбаяр Казахстаны Асахат Житкиевийг үнэлгээгээр илүүрхэн ялж, олимпийн аварга болсон түүхтэй. Энэ медаль монголчуудад үнэ цэнэтэй ирсэн бөгөөд сонгуулийн хар бараан мэдээллийн дараах гэрэл гэгээг авчирсан. 2008 оны наймдугаар сарын 14-ий үдэш монголчууд баяраа Сүхбаатарын талбайд тэмдэглэж байлаа. Бээжингийн наадмаас буудлагын О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, боксын төрлөөр Э.Бадар-Ууган олимпийн аварга болж, Сэрдамба мөнгөн медальтай ирж билээ. Мөн Паралимпийн наадмаас байт харвааны төрөлд Д.Баатаржав аваргын алтан медалийг хүртсэн юм.

2012 оны наймдугаар сарын 2.

Жүдо бөхийн зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр дэвжээнд гарах байлаа. Тэрбээр Тайланд, Франц, Узбекистаны бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын Хва Хви Тэтэй барилдах үеэрээ бэртэл авсан нь барилдааныг дуусгаж чадах болов уу гэсэн айдас төрсөн. Гэхдээ тэр тэвчээр заан өрсөлдөгч бөхөөсөө оноо салгаж чадсан бөгөөд энэ байдлаа хадгалан цагаа дуусгаж байлаа. Түүнийг аваргын төлөөх барилдаанд гарах эсэх нь эмчийн тодорхойлолт болон тухайн тамирчны шийдвэрээр байсан. Хөлөндөө бэртэл авсан олимпийн аварга маань ОХУ-ын Т.Хабулаевтай барилдах шийдвэр гаргаж, ялагдал хүлээсэн. Гэхдээ Н.Түвшинбаяр Монголын анхны олимпийн хос медальтан болсон юм. Энэ өдрийн барилдааныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үзэж сонирхсон бөгөөд тухайн үед барилдааныг олон улсад хамгийн их сурталчилан хүргэсэн. Мөн Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар тэмцээнийг үзэж байлаа.

2017 оны ДАШТ.

Унгарын Будапешт хотод есдүгээр сард болсон ДАШТ-д Н.Түвшинбаяр +100 кг-ын жинд барилдсан. Олимпийн алт, мөнгөн медальт түүний хувьд ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүй байлаа. 2016 оны Бразилын Олимпийн дараа болсон энэ наадмаас Н.Түвшинбаяр медаль авах гол зорилго тавин бэлтгэлээ эрчимжүүлсэн. Түүний хувьд +100 кг-д өрсөлдөж, Будапештийн дэвжээнээс хүрэл медальтай ирсэн юм.

Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаярын амжилтын буухиаг “Токио 2020”-д харахыг монголчууд хамгийн ихээр хүсэж байгаа. Тэрбээр +100 кг-ын жинд барилдаж эхэлсэн бөгөөд 10 хоногийн дараа Японы Токио хотод болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ эрчимжүүлж байна. Жүдо бөхийн олимпийн эрхийн тэмцээн ирэх оны зургадугаар сард дуусах юм.

Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр энэ жил 35 настай хүрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж