Хоёр настай хүүг эрлийн багийнхан эсэн мэнд олжээ. Хэрэг явдлыг тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн Бугат үзүүр гэх газарт намаржиж байсан малчин А -ийн хоёр настай хүү алга болсон гэх дуудлага энэ сарын 13-нд 19.10 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж өнөөдөр /2019.08.14/ 07.15 цагт хүүг Ховд сумын Баянбулаг багаас 4 км орчим зайд байсныг эсэн мэнд олжээ.
Шуурхай ажиллаж бяцхан хүүг эсэн мэнд олж, амь насыг нь аварсан цагдаагийн алба хаагчид, Онцгой байдлын алба хаагчид, Ховд аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонд талархал илэрхийлье.
10.28 цагт
Ховд аймгийн Ховд сумын малчин Н-ын хоёр настай хүү өчигдөр /2019.08.13/ сураггүй алга болжээ. Тодруулбал, гэрийнхэн нь малдаа явах үед хүү гэртээ ганцаараа үлдсэн байна. Хэргийн талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тус өдрийн 21.05 цагт ирж, эрлийг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж. Улмаар өнөөдөр 06.00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ. Хүүгийн ар гэрийнхэн нь сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т амьдардаг бөгөөд эрлийн багийнхан ойролцоох гол ус, гуу жалгаар хайж буй.
Эргэн сануулахад, 2018 онд Баян-Өлгий болон Дорнод аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй алга болсон. Улмаар охины цогцсыг алга болсноос нь хойш 24 хоногийн дараа дэрсэн дундаас олсон бол хүүгийн цогцсыг хөрш айлын хүмүүс нь гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу голын уснаас олсон байдаг.
Э.БУРАМ