Мөнгөтэй бол “Хараалын нэвтэрхий толь” гаргаж болохоор байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Мөнгөтэй бол “Хараалын нэвтэрхий толь” гаргаж болохоор байна

Мөнгөтэй бол “Хараалын нэвтэрхий толь” гаргаж болохоор байна

Монгол улсад хэнбугай ч мөнгө байвал ном гаргаж чадах цаг дор бид амьдарч байна. Бараг өдөр бүр нэг шинэ ном хэвлэлтээс гардаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл хүний оюунд шууд нөлөөлөх эдгээр номын доторх чанар ямар байдаг бол. Хавтас өнгө, загвар улам сайжирч байгаа хэдий ч доторх агуулга, найруулга, өгүүлбэрийн бүтэц, логик утга, үгийн алдааны хувьд шаардлага хангаж чадаж байна уу? Эсвэл өнгө үзэмж муутай ч хуучин номууд илүү үнэ цэнэтэй, чанартай байна уу? зэрэг асуултад хариулт эрлээ.

Багшийн их сургуулийн урд хуучин номын хэд хэдэн жижиг дэлгүүр байв. Гурав дахь нь анхаарал татлаа. Дээрээ хуучин номын ломбард гэсэн хаягтай. Ямар нэгэн үнэт эдлэлийн ломбард гэж мэдэхээс номын ломбард гэж сонсож байсангүй. Дотогш орвол ном сонирхох хүмүүс олон. Дунд эргэм насны худалдагч залуу тэдний хүссэн номыг дор нь олж, тайлбарлах аж. Түүнийг Ө.Чойндонгаваа гэдэг. Инженер мэргэжилтэй. Хуучин ном зараад арав гаруй жил болж байгаа гэх. Багаасаа ном уншиж өссөн болохоор тэр энэ ажилдаа илүү дуртай. Нэг ч гэсэн хүн ном уншаасай гэсэн үүднээс номын ломбард ажиллуулах санаа төржээ. Түүнтэй хэсэг зуур хөөрөлдлөө.

ШИНЭ НОМУУД ХУУЧНАА ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА

-Хуучин ном тоос шороо ихтэй гээд голох хүмүүс байдаг. Гэтэл одоогийн шинэ номууд доторх агуулга, үнэ цэнэ чанарын хувьд хуучнаа гүйцэж байна уу?

– Одоо бол хүмүүс мөнгөтэй л бол хараалын нэвтэрхий толь гаргаж чадах нийгэмд бид амьдарч байна. Ямар ч цензур, хяналт байхгүй. Өнөөдөр залуусын гар дээр ямар ном очих нь боловсрол хариуцдаг газруудад огт хамаагүй. Тиймээс ном бичих нэг талаар бизнес болчихсон байна. Эрээн мяраан, гоё сайхан хавтастай номууд дэлгүүрийн лангуугаар нэг харагдана. Гэтэл зарим нь дотроо унших юм байдаггүй. Үүнийг би өөрөө ч баталж чадна. Хуучны ном үнэгүйдлээ, хог боллоо гэж бодох хүмүүс бий. Үнэндээ үүн шиг худал зүйл байхгүй. Хуучрах тусмаа илүү үнэ цэнэтэй болдог зүйл бол өвгөн зохиолч, эрдэмтдийн оюунаа шавхан байж бүтээсэн хуучин цагийн ном зохиолууд. Тэр үед үсэг өрөхөөс эхлээд шүүлтүүр сайтай, жинхэнэ шүүс нь шахагдсан бүтээлүүд гардаг байлаа. Одоо дэвшилтэт технологийн ачаар хуучны номуудыг ахин хэвлэж байна. Гэвч анхны гарсан эх хувийг яагаад ч гүйцэхгүй байна. Тухайлбал, би өөрөө Александр Дюмагийн “Монто Кристо” гүн зохиолыг 17 удаа уншсан хүн. Бараг цээжээр гурван ботийг ярьж чадна. Гэхдээ унших бүр шинэ зүйл, шинэ мэдрэмж авдаг байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлд дахин хэвлэгдсэн хувилбарыг нь уншсан. Яг үнэндээ галзуу хүний өдрийн тэмдэглэл ч тийм байхгүй. Бүлгийг нь наана, цаана оруулчихсан, бүр дундаас нь хоёр бүлэг хасчихсан байсан. Ийм номыг залуус уншаад яаж номонд дурлах юм бэ. Согтуу жолоочтой машинд суучихсан яваа юм шиг санагдана биз дээ?

-Дахин хэвлэхдээ хавтас, загварыг нь өөрчилж болох юм. Гэхдээ доторхыг нь яагаад тэгж өөрчилдөг юм бол, өөр орчуулагч шинээр орчуулаад гаргаж байна гэсэн үг үү?

-Энэ чинь зохиолч, орчуулагчийн эрх авахтай холбоотой асуудал гэж би хардаг. Шинээр хэвлэлтэд өгөхдөө хуулиар зохиолч, орчуулагчийн эрх авах гэж мөнгө төлнө дөө. Хэвлэлийн газраар дамжуулбал бүр илүүг гаргана. Тэгснээс гадаад хэлний сургуулийн оюутан хүүхдэд эсвэл сонирхогчид хэдэн төгрөг өгөөд орчуулга хийлгэх нь илүү хямд байдаг болов уу. Тэгээд л өнөөгийн модон хэлтэй, найруулгагүй, логик утгагүй орчуулгын усан номууд гараад байна. Үүнийг уншсан хүүхэд ном гэдэг чинь шал утгагүй, ойлгомжгүй зүйл байна. Үүний оронд компьютер оролдох нь илүү сонирхолтой санагдана.

-Танай номын фондод одоогоор хэчнээн ном байна, ховордсон тэр бүр олддоггүй зохиолууд байдаг л байх даа?

-1947 оны Ц.Дамдинсүрэн гуайн уйгаржин бичгээр бичсэн “Монголын нууц товчоо” байна. Урд зарагддаг үнэ 500 мянга. Одоо их ховордсон. Өвөр-Монгол айлд ороход ихэнх нь хоймортоо нууц товчоогоо залсан байдаг. Учрыг нь асуухад тэд “Бидний бурхан тахил бол нууц товчоо. Яагаад гэвэл үүн дотор бидний удам угсаа, үндэс язгуур, үүх түүх байна. Тиймээс өвөг дээдсээ хүндэлж байгаа юм” гэдэг. Ийм үнэ цэнэтэй номуудаа ах нь дэлгүүртээ авч ирдэггүй. Гэртээ хадгалдаг. Хайран санагддаг юм. Одоо манайд хуучин номын худалдааны гурван жижиг дэлгүүр, хоёр өрөө нийтдээ бараг таван өрөө ном байна.

-Та яагаад ийм номын ломбард гэдгийг ажиллуулах болов, үйлчлүүлэгчид хэр байна?

-Манай дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн олонх нь оюутнууд. Тэд чинь хөөрхий мөнгө муутай. Үнэтэй ном тэр бүр аваад байж чадахгүй. Ихэнхдээ багшийн даалгавар, лекц бичих гэж түр ашигладаг. Дотроос нь хэдэн өгүүлбэр харахын тулд 40, 50 мянгаар ном авах хэцүү биз дээ. Үүний оронд 50 мянгаар ном аваад долоо хоногийн хугацаанд ашиглаж дуусчихаад номоо аваад ирвэл би буцаагаад авчихдаг. Харин ашигласан төлбөрт 5000 төгрөг авна. Үүнийгээ л ломбард гээд байгаа юм. Нэг ч гэсэн хүүхэд ном уншаасай, ном уншихад заавал их мөнгө төлөхгүй гэдгийг л харуулах гэсэн санаа. Одоо оюутнууд ирэхээр их үйлчлүүлдэг.

УСАН ЗОХИОЛУУД ГАРЧ БАЙГААТАЙ САНАЛ НИЙЛНЭ

Сүүлийн үед “Ном унших биш, ном бичих хүмүүс олширчээ” гэсэн шүүмжлэл их гарах болсон. Бараг сарын дотор гарын авлага маягийн ном бүтэж, нээлтээ хийж байна. хувь хүний гаргаж буй ийм номонд ямар нэгэн шүүлтүүр, хяналт, шалгалт байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүнийг хүүхэд, залуус шууд аваад оюун руугаа оруулж байна. Гэтэл чанаргүй ном, зохиол тэдний бяцхан тархи, оюуныг нэг талаар гэмтээж байна. Тэгвэл үүнд хэн хяналт тавих вэ? Ном бүтээж буй үйлдвэр, газрууд ямар шат дамжлага, зохион байгуулалтаар явдаг вэ? Тэд хариуцаж, хяналт тавих боломж байна уу? Үүний хариултыг авахаар “Эдмон” номын үйлдвэрт очлоо. Уг газрын менежер “Манайх зөвхөн үйлдвэрлэж гаргах процессыг хариуцдаг. Хэвлэхэд яг бэлэн болсон номууд манайд ирдэг. Тийм учраас номын чанар, шаардлагад хяналт тавьдаггүй, бүр шаардлагатай тохиолдолд ном хэвлүүлж буй зохиолчид зөвлөгөө өгдөг. Гэхдээ тэд өөрийнхөө хүссэнээр хийхийг илүүд үздэг” гэв.

Энэ барилгын гурван давхарт “Мон судар” хэвлэлийн газар байрладаг. Хувь хүн бус байгууллагын зарчмаар явдаг учир энд байдал өөр байж болох юм. Ингээд тус хэвлэлийн газрын Түүх, нийгмийн ухааны редакцийн эрхлэгч С.Ууганбаяртай уулзлаа.

-Танай хэвлэлийн газарт ном бүтээх шат дамжлага ямар байдаг вэ, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг вэ?

-Ном бүтээх явц маань ямар ном бэ гэдгээс шалтгаалаад өөр өөр байдаг. Орчуулгын ном, Монгол зохиолчтойгоо хамтарч хийдэг бүтээл, мөн хэвлэлийн газрын ажилтнууд өөрсдөө тухайн чиглэлээр судалгаа хийж, бичдэг ном гэж байна. Хэвлэлийн газар өөрсдөө ном гаргахын тулд эхлээд зах зээлийн судалгаа хийдэг. Нийгэмд ямар ач холбогдолтой, уншигчид нь хэн байх гэдгийг харгалзаж үзсэний үндсэн дээр номоо бичдэг. Ном бүтээх явцад дор хаяж арван хүн оролцдог. Тухайлбал, орчуулгын ном гаргах процесс дээр ярья. Ямар ном эрэлттэй байх вэ гэх зах зээлийн судалгаа хийсний дараа орчуулгын эрх албан ёсны эзэмшигчээс нь авдаг. Үүний дараа орчуулагч ажиллана. Орчуулагчийн ажлыг хянадаг редактор байна. Найруулга, агуулга зэргийг харна. Үүний дараа үгийн алдаа хянах техник редактор байна. Алдаа хянах тусгай программаар мөн шалгадаг. Ингэж мэргэжлийн шалгуураар нарийн шүүсний дараа хэвлэлтэд өгөхөд бэлэн болдог.

-Хүүхдүүд ном дээр яаж бичсэн түүнийг л дуурайдаг. Зарим нэг зөв бичих дүрэм, бичиглэлийн хувьд эргэлзээтэй үгнүүдийг яаж шийддэг вэ?

-Тийм үгүүд байдаг. “Монгол хэлний журамлах толь”-д ороогүй үгнүүдийн хувьд олон нийт болон томоохон судлаач, эрдэмтэд аль хувилбарыг түгээмэл барьж байна түүнийг дагадаг. Түүхийн салбарт аваад үзвэл, Жавзандамба хутагт гэхийг Живзан, Жибзан гээд олон янзаар бичих жишээтэй.

-Нэг хэсэг эрдэмтэн судлаачид орчуулгын зохиол их модон байна гэж их шүүмжилдэг байсан. Одоо засагдсан уу?

-Манай хэвлэлийн газрын хувьд орчуулгын бүтээлийг сайжруулах тал дээр сүүлийн хоёр, гурван жил маш их анхаарсан. Үндсэндээ дөрөв, таван шатны редакторууд ажиллаж байна. Шат шатандаа үг, найруулгын алдааг засаад явж байна. Гэхдээ бас дур мэдэн өөрийн үзэмжээр засаж болохгүй. Бид редакцаараа тойрч суугаад аль үгийг сонговол дээр вэ гэх мэтчлэн ярилцдаг. Ер нь сүүлийн үед орчуулгын бүтээлүүд харьцангуй сайжирч байгаа. Нэг хэсэг эрдэмтэн, судлаачид ийм алдаа байна, буруу байна гээд ном бариад хүрээд ирдэг байсан. Энэ байдал одоо өөрчлөгдсөн байна.

-Зарим талаар үнэхээр усан зохиолууд гарч байгаа гэдэгтэй санал нийлэх үү, дэлгээд үзэхэд уншихаас төвөгтэй санагдах номууд байдаг?

-Тийм номууд байна, үгүйсгэхгүй. Уран зохиолын номын хувьд манайд үнэндээ Солонгосын савангийн дуурь шиг зохиолууд их гарах болсон байна. Ямар нэгэн өгөөжгүй. Тиймээс хүмүүс хуучны жинхэнэ шүүлтүүрээр гарч ирсэн соруудыг унших хүсэлтэй байна. Хуучны сонгодог зохиолуудыг давж гарах бүтээл гарахгүй байгаатай бас холбоотой. Хуучны зохиолуудыг дахин хэвлэлтэд оруулах гэхээр зохиолчийн эрхийн асуудал яригддаг. Үр хүүхэдтэй нь холбогдох шаардлага гарна. Зөвшөөрөх үгүй нь тэдний асуудал. Зөвшөөрлийг нь албан ёсоор аваагүй, орчуулаад гаргах хувь хүмүүс ч байна. Тэгэхээрээ л нөгөө усан зохиолууд гараад байна.

ХИЙСВЭР СЭТГЭЛГЭЭНИЙ НОМУУД СОНГОСОН ХЭВЭЭР БАЙНА

-Залуус ер нь ямар төрлийн ном уншиж байна вэ. Одоогийн хүүхдүүд ном уншихгүй байна, бидний үед байхад гээд ахмадууд шүүмжилдэг? .

-Сүүлийн үед ном унших залуус нэмэгдсэн. Гадаадад нийтийн тээвэртээ ном уншаад явж байгаа хүмүүстэй харьцуулаад өө манайд ном уншихгүй байна гэж дүгнэж болохгүй. Манайд угаасаа гудамж талбай, нийтийн тээвэртээ ном уншаад явах боломж алга. Автобуснууд маань яаж явдаг, зам харгуй нь ямар билээ. Ном уншиж явахад бэртэж мэдэхээр нөхцөлтэй шүү дээ. Автобусанд тухтай ном уншаад суух битгий хэл зогсох зай ч олддоггүй. Тэрнээс гэртээ ном уншиж байгаа залуус олон байна. Харин ямар төрлийн ном уншиж байгаа вэ гэдэг чинь асуудал. Хараад байхад ихэвчлэн уран зохиолын болон хийсвэр сэтгэлгээний номууд уншиж байна. Яаж хурдан баян, мөнгөтэй болох вэ, яаж амар байдлаар амжилтад хүрэх вэ гэх мэт. Яах вэ, хувь хүний хөгжилд нөлөөтэй л байх. Гэхдээ миний бодлоор хувь хүний хүмүүжил, ухамсарт нөлөөлөх номууд илүү ач холбогдолтой. Бид чинь нийгэмдээ харилцан хамааралтай амьдардаг. Энэ нийгэмд хэрхэн биеэ зөв боловсон авч явах вэ, яавал бусаддаа саад төвөг учруулахгүй байх вэ, нэгнээ хүндлэх, ойлгох гэдэг чинь юу гэдгийг нийгэм, түүх, уран зохиол, шинжлэх ухааны номуудаас л олж мэднэ шүү дээ. Нөгөө талаас ийм хийсвэр сэтгэлгээний ном илүү эрэлттэй байгаа нь манай боловсролын системтэй холбоотой гэж би хардаг. Хүүхдүүдийг багаас нь уралдуулдаг, өрсөлдүүлдэг. Чи ямар нэгэн байдлаар мөнгөтэй, баян, амжилтад хүрэх ёстой гэсэн зорилго тавиад өгчихдөг. Ийм болохын тулд тэд магадгүй хийсвэр ийм төрлийн номуудыг сонгодог байж болох юм. Гэтэл энэ чинь үнэхээр аз жаргалтай амьдрал мөн үү, өгөөжтэй юу гэдэг чинь асуудал. Үүний оронд уг нь зөв бие хүн болж төлөвших, нийгэмдээ соёлтой амьдрах, цаашлаад эрдэм мэдлэгтэй, боловсролтой иргэн болоход нөлөөлөх номуудыг сонгох хэрэгтэй байгаа юм л даа.

Үүний дараа хотын төвд байрлах “Интерном” дэлгүүрээр ороод гарлаа. Бестселлер хэсэгт байх номуудыг сонирхов. Энд “Мишель Обама”-аас эхлээд “Бүсгүй минь уучил, гуйхаа боль, “Бүсгүй минь нүүрээ угаа”, “Босс бүсгүй”, “Шик хатагтайн зөвлөгөө”, “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг”, “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” гэх мэт номууд байлаа. Нээрээ л зөвлөгөөний, хийсвэр номууд голчлон байх аж. Эд чинь хүмүүс хамгийн их уншиж байгаа шилдэгүүд шүү дээ. Мэдээж бусад тавиур дээр будаг нь ханхалсан цоо шинэхэн номууд зөндөө. Орчуулга, уран зохиол, нийгэм, шинжлэх ухаан, түүх, сурах бичгийн гээд төрөл төрлөөрөө. Сонголт зөвхөн уншигчийн гарт. Харин доторх чанар нь ямар бол гэсэн бодол төрсөөр…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж