Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжлэхээр болов

22.10 цагт

ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох шүүх хуралдааныг 22.00 цагт завсарлуулж, маргааш 09.00 цагт үргэлжлүүлэн хийхээр болжээ. Хуульд зааснаар шүүх хуралдааныг 22.00 цагаас хойш хийхийг хориглодог юм байна.

21.30 цагт

Төв аймгийн Сум дундын шүүхэд өнөөдөр 09.10 цагт эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал энэ цаг мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хувьд шүүх хуралдаан гурван удаа завсарласан бөгөөд хамгийн сүүлд 18.00 цагийн орчимд 15 минутын хугацаатай завсарлаад үргэлжилсэн юм.

18.15 цагт

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 23-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, тус хэрэгт хяналт тавин ажиллаж байсан, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан 15 минут завсарлаад үргэлжлэн орсон байна. Завсарлагыг 18.00 цагийн орчимд 15 минутын хугацаатай өгчээ.

Б.Жавхланбаяр: С.Зориг агсны хэргийг 20 жил нууцална

15.00 цагт

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын явц байдлын талаар дөнгөж сая Төв аймгийн сум дундын шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн маш нууцын зэрэгтэй шүүх хуралдаан наймдугаар сарын 12-ноос эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч нарыг асууж дууссан, хохирогч нарыг асуугаад дууссан. Одоо гэрч нараас асуулт асууж байна. Нийтдээ 49 оролцогч оролцож байна. Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох шүүх хурал нь маш нууцын зэрэглэлтэй учраас мэдээллийг 20 жил нууцлах ёстой байдаг. Төрийн болон албаны нууцын зэрэглэлийн дагуу шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна" гэлээ.

Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

Тэрбээр "Хохирогч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дагалдаж эмч цуг ирсэн. Биеийн байдал нь хэвийн. Ухаан алдаж унаагүй. Өчигдөр хохирогч Т.Чимгээ өмгөөлөгчтэйгээ эмчид үзүүлсэн.

Шүүх хуралдаан болж байгаа танхим 54.5 мкв талбайтай. Хамгийн том танхимдаа шүүх хуралдааныг хийж байна. Гурван цонхтой, салхи орох боломжтой. Цонх онгойлгож, хааж байна. Байнга цонх нээлттэй байлгах боломжгүй, нууц алдагдана" гэлээ. Шүүх хуралдаан маргааш ч үргэлжилж магадгүй байна.

 

Завсарлага дуусаж, шүүх хурал үргэлжилж байна

14.40 цагт

Нэг цагийн хугацаатай өгөөд байсан завсарлага дууссанаар шүүх хуралдаан үргэлжилж байна. Төв аймгийн сум дундын шүүхийн Тамгын газраас тун удахгүй шүүх хурлын явцын талаар мэдээлэл хийх болжээ.

Шүүх хурал 1 цагийн хугацаатай завсарлав

13.10 цагт

Өнөөдөр өглөө 09.10 цагт эхэлсэн байсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг шүүх хурал дөнгөж сая завсарлажээ. Нэг цагийн хугацаатай завсарлага авсан гэх мэдээллийг Төв аймгийн шүүхээс өглөө.

Шүүх хурал товлосон цагтаа эхэлжээ

10.00 цагт

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал товлосон ёсоороо өнөөдөр 09.10 цагт эхэлжээ. Шүүх хуралдаан үргэлжилж байна гэсэн мэдээллийг Төв аймгийн шүүхээс өглөө. Мөн зарим мэдээллийн хэрэгслээр өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тухай мэдээлэл цацагдсан ч үндэслэлгүй аж. Хуулиараа шүүх хурал эхэлсэн нөхцөлд бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулдаггүй юм байна. Шүүх хуралдаан дараах бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна.

 

Тагнуулын экс даргад холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ 

08.09 цагт

Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй тус газрын мөрдөгч, гүйцэтгэх албаны ажилтан О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, тус Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, С.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас гурав дахь өдрөө үргэлжлэх болж байна.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгаж байгаа юм. Шүүх хурал Төв аймагт болж буй бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож буй.

Харин тус шүүх хурлын шүүгчээр Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар оролцож байна. Б.Хурц нар өнгөрсөн долдугаар сард шүүгч нараас татгалзах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй юм.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Эрүүдэн шүүх тушаалыг би өгөөгүй. Тийм зүйл байхгүй" гэдэг тайлбарыг өмнө хэлж байсан. Харин өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа Г.Батбаяр хуулиа баривал манай үйлчлүүлэгчид ял сонсох ёсгүй гэдэг байр суурь илэрхийлээд буй. Тэрбээр “Энэ хэрэг хуулиа баримталбал манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй гарах ёстой. Ер нь бол Эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулаагүй. Гэтэл миний үйлчлүүлэгчдийг яллаад байгаа зүйл анги нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны өмнө хэрвээ хэрэг бүртгэгч мэдүүлэг өгөхийг албадан хүнийг зодсон бол ялладаг юм. Гэтэл ялтан Б.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар хүн зодчихсон шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон бол сахилгын арга хэмжээ авдаг. Тагнуулын байгууллагын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулсан гээд л. Тэрнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэхээр тагнуулын ажилтан гүйж ороод “Одоо болиорой” гээд салгах боломжгүй. “Шууд зод, балба” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй. Манай үйлчлүүлэгчдийг “Шууд зод, нүд” гэсэн даалгавар өгсөн гэж буруутгаад байгаа. Ялтан Б.Амгаланбаатарын хүний амь хөнөөсөн гээд байгаа яриаг нь үнэн эсэхийг нь шалгах зорилгоор л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Тэгээд сүүлд Б.Содномдаржааг мэдүүлгээ нотлуулах гээд нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ. МҮОНРТ-ээр гаргасан тэр видео бичлэг л байгаа болохоос 360 хоног эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэр камерыг гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг нь нотлохын тулд халхавчийн байгууллага болгож ашигласан. Халхавчийн байгууллага гэдэг нь хорих газар болон мөрдөн байцаагч нарыг ашиглаж болдог хуулийн заалттай” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж