Дулааны цахилгаан станцууд 18 хоногийн нүүрс нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Дулааны цахилгаан станцууд 18 хоногийн нүүрс нөөцөлжээ

Цахилгаан тасрахад хоол цайгүй, халаалт доголдоход хөлдүүс болдог нийслэлчүүдийн хувьд цахилгаан станцууд нүүрстэй, дулааны шугам найдвартай ажиллагааг хангасан байх нь чухал. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгааг энэ удаад бид сурвалжиллаа.

УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 86 ХУВЬТАЙ БАЙНА

Айл өрх, аж ахуй нэгж албан байгууллагын халаалтыг есдүгээр сарын 15-нд холбоно. Үүнээс өмнө “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн дамжуулах шугамуудын засвар үйлчилгээ дууссан байх ёстой. Нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангаж буй тус компанийнхан 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувийн гүйцэтгэлтэй хангажээ. Есдүгээр сарын 15-наас өмнө өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангана гэж тус компанийн зүгээс тодотгож байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж өнөөдрийн байдлаар зогсолтууд бүгд хийгдэн, дулааны төв шугам тоноглол, хэрэглэгчдийн засварын ажлууд хийгдэж байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар долоон байршилд ажил төлөвлөснөөс одоогоор ажлын гүйцэтгэл 78 хувьтай хэрэгжиж байгаа юм байна. “УБДС” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл хангах зуны засварын ажил 86 хувьтай хийгдсэн” гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр танилцуулсан. Тэрбээр “Бид 3183 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Дулааныг “ДЦС-2, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4”, “Амгалан” дулаан станц гэсэн   дөрвөн эх үүсвэрээс хангадаг. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мөн шугам сүлжээний шинэчлэл, дулаан хангамжийн ажил 78 хувь, хэрэглэгчийн шугам тоноглолд хийгдэж буй засварууд 71 хувьтай байгаа тул энэ бүх ажил халаалтын улиралаас дуусна. Өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 86 хувьтай байна” гэлээ.

“ДЦС-3” ТӨХК-ИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ  АЖИЛ АРАВДУГААР САРЫН 1-НД ЖИГДЭРНЭ

Нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангаж ажилладаг “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК  нь  өнөөдрийн байдлаар гурван зуух, гурван турбинтай ажиллаж, цагт 90 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийн нийт гүйцэтгэл 66.2 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сарын 1-н гэхэд бүх ажлыг дуусгахаар төлөвлөжээ.  Энэ талаар тус цахилгаан станцийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Л.Нямхүү “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн. Төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа. Бүх засварын ажил 66.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Арваннэгдүгээр сарын 1-нд өвлийн их ачаалал эхэлнэ. Иймд үед манай станц бэлэн болж, хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Одоогоор засварын ажлууд ид явагдаж байна. Бид түүхийн нүүрснээс гадна шингэн түлшээ нөөцөлж эхэлсэн. Ерөнхийдөө аравдугаар сарын 1-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж дуусна” хэмээв.

Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь жилд 1.13 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ТЭХС-ийн цахилгаан хэрэглээний 17.3 хувьтай, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 гаруй хувийг ханган ажилладаг байна. Жилдээ Багануурын уурхайгаас ойролцоогоор 43.5 тэрбум төгрөгийн 1.32 сая тонн нүүрс авч хэрэглэдэг аж. Өнөөдрийн байдлаар “ДЦС-3” ТӨХК-ийн талбайд 45 мянган тонн нүүрс байгаа бол аравдугаар сарын 1-н гэхэд 70 мянган тонн нүүрс нөөцлөх аж.

                    “ДЦС-4” ТӨХК ТҮҮХИЙ  НҮҮРСНИЙ  18 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр болох “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь  анх 1983 онд ашиглалтад орсноос хойш төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг ханган ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 50 хувь хангаж, үндсэн тоноглол засварын ажил хийгдэж дуусчээ.  Одоогоор 133663 тонн  буюу 18 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж. Ирэх аравдугаар сарын сүүл гэхэд 213826 тонн нүүрсийг нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Ерөнхий инженер Р.Ганбат “Энэ жил өвлийн бэлтгэл ажлын өмнө нэг, дөрөвдүгээр машины шинэчлэлийн ажлыг хийж байна. Дөрөвдүгээр машины шинэчлэлийн ажил бүрэн дуусч, наймдугаар сарын 20-н гэхэд хэвийн үйл ажиллагааг явуулна. Дараа нь, нэгдүгээр турбины шинэчлэлийн ажлыг зургадугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Арваннэгдүгээр сарын 15-нд дуусна. Хамгийн гол нь бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд анхаарах нь чухал. Үүнд станцийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа.  Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил нийт дүнгээр 50 орчим хувьтай байна ” гэлээ.

Тус дулааны цахилгаан станц нь өвлийн ид ачааллын үеэр буюу арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард долоон ширхэг зуух, долоон турбинтэй ажиллахаар төлөвлөсөн аж.

Эрчим хүчний салбарын томоохон компаниудын өвлийн  бэлтгэл ажил ямархуу шатанд үргэлжилж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нар өчигдөр танилцсан нь энэ юм. Эрчим хүчний томоохон компаниудын бэлтгэл ажил 50-86 хувьтай үргэлжилж 9-11 сар гэхэд өвлийн бэлтгэл бүрэн хангагдана гэх тайлбарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан юм. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс энэ өвөл хатуу өвөл болно гэсэн цаг уурын байгууллагын өгсөн урьдчилсан дүн мэдээг дуулгаж, ажлаа цаг тухайд нь гүйцэтгэж байхыг сануулсан билээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж