"Надад албан тушаал мөнгөөр худалдаж авах шаардлага байхгүй"

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

"Надад албан тушаал мөнгөөр худалдаж авах шаардлага байхгүй"

"Надад албан тушаал мөнгөөр худалдаж авах шаардлага байхгүй"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал асан Т.Мөнхсайхан томилогдоод байгаа билээ. Тэрбээр ажлаа хүлээж аваад сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өөрийн мэргэшсэн үений дурангийн мэс заслыг тогтмол хийхээр нэвтрүүлээд байгаа сурагтай. Ингээд тус эмнэлгийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байгаа анагаах ухааны магистр, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.


-Сайн байна уу. Тантай анх утсаар холбогдоход ажлаа хүлээж аваад удаагүй болохоор ажил ихтэй явна гэж байсан. Ажил нь тавлаг уу?

-Би ажлаа хүлээж аваад нэг сар 10 хоног болсон байна. Энэ хугацаанд нэлээд ажил ихтэй байлаа.

-Шинэ ажил, хамт олонтойгоо танилцсан болов уу. Таныг хэрхэн хүлээж авав?

-Ажлаа хүлээн аваад, хамт олонтойгоо тодорхой хэмжээнд танилцлаа. Манай улсын ууган эмнэлгийн чадварлаг хамт олон маань намайг өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Хамт олон маань залуу хүн эмнэлгийн удирдлагаар томилогдож, нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийх байх гэсэн хүлээлттэй байх шиг санагдлаа.

-Ажлаа хүлээж аваад нэн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

-Миний хувьд эмнэлгийн бүхий л чиглэлд анхаарч ажиллахыг хичээж байна. Эмнэлгийн богино болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг судалгаанд суурилж, бодитоор гаргахаар ажиллаж байна. Мөн эмнэлгээр үйлчлүүлж буй ард иргэдийн төвөг чирэгдлийг богино хугацаанд багасгах, цаашдаа арилгах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж зарим ажлыг эхлүүлээд байна. Ялангуяа орон нутгаас эмчлүүлэхээр ирж буй хүмүүс хотод удсанаар санхүүгийн дарамт их учирдаг. Иймээс эхний ээлжинд орон нутгийн үйлчлүүлэгчийн хүлээлтийг багасгах, эмнэлэгт давтан ирэх тоог цөөлөх, үүднээс хамгийн их ачаалалтай байдаг Бөөрний мэс заслын төвийн амбулаторийн үйлчилгээг өөрчилсөн. Ингэснээр иргэд нэг дор бүх шинжилгээ, оношлогоогоо өгч, нэг өдрийн дотор бүрдүүлэх боломжтой юм. Цаашдаа эмнэлгийнхээ бүх төв, тасгийн амбулаторийн үзлэгийг нэг цэгийн үйлчилгээтэй болгоно. Үүний үр дүнд эмнэлгийн ачаалал эрс буурна гэдэгт итгэлтэй байна

Манай эмнэлэг нийт 810 ажилтантай. Сүүлийн жилүүдэд эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдэж байгаа хэдий ч нийгмийн тулгамдсан асуудалтай хүмүүс олон бий. Тиймээс бүх ажилчидтайгаа нэг бүрчлэн уулзаж, асуудлыг нь сонсч, зайлшгүй шаардлагатай хүнд нь дэмжлэг үзүүлэхээр үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран уулзалтын хуваарь гаргаад байна. .

-Сая танай эмнэлгээр орж ирэхдээ Эрчимт эмчилгээний тасаг засвартай байгааг харлаа. Эмнэлгийн төсвөөр засвар хийж байгаа юу?

-Тийм. Манай эмнэлэг ирэх жил 95 жилийн ойн баяраа хийх учраас эмнэлгээ өнгө засах тал дээр анхаарч ажиллаж байна. Эмнэлгийн орчин нөхцөл сайжирснаар үйлчлүүлэгчдийн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, эмнэлэгт ажиллагсдын урам зориг нэмэгдэх гэх мэт олон давуу талтай шүү дээ. Тиймээс үе шаттайгаар эхнээс нь эмнэлгийн бүх тасаг, нэгж болгоныг стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эрчимт эмчилгээний тасаг 50 гаруй жилийн дараа бүрэн их засварт орж, энэ долоо хоногт нээлтээ хийх гэж байна.

Манай эмнэлгийн амбулаториор өдөртөө 1600-2000 хүн үйлчлүүлдэг. Тэгэхээр хүлээн авах, бүртгэлийн хэсэг маань үйлчлүүлэгчдэдээ илүү ойртож, зохион байгуулалтаа өөрчлөн ирэх сард нээлтээ хийнэ.

-Таныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Шинэ албан тушаалыг тань танд хэн санал болгов. Эсвэл та шийдсэн хэрэг үү?

-Эрүүл мэндийн яамнаас надад Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах санал тавьж, томилсон. Миний хувьд энэ шийдвэрийг гаргахад амар байсангүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөсөө ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, олон жил ажилласан болохоор өөр эмнэлэг рүү очиж ажиллах шийдвэр гаргахад хэцүү байлаа. Би эрүүл мэндийн салбартаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч, эрмэлзэж явдаг учраас дээд удирдлагынхаа саналыг хүлээн авсан.

арга дагасан халаа сэлгээ хаана ч байдаг. Та шинэ албан тушаалд ирсэнээсээ хойш эмч ажилтнуудыг халах тушаал гаргасан уу?

-Би эмнэлгийн хүний нөөцийн хувьд нэг зарчмыг баримталдаг. Юу гэхээр ажилдаа сэтгэл гаргаж байгаа хүмүүстэй л хамтарч ажиллана. Харин зүгээр сууж байгаад цалин авах сонирхолтой, ажлыг  хийдүүлдэг, хүмүүстэй хамтарч ажиллахгүй гэдэг зарчимтай. Тиймээс эхлээд ажилчдадаа ажиллах боломжийг бүрдүүлж өгнө. Тэгээд үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэй цаашдаа хамтарч ажиллахгүй. Одоогоор шинэ ажлаа хүлээж аваад халагдах тушаал гаргаагүй.

-Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж байсан хүний хувьд ажил үүргийн ялгаа хэр гарч байна?

-Мэргэжлийн хувьд ялгаа гаралгүй яахав. Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвхөн гэмтэл буюу согогтой хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлдэг бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг маань илүү өргөн хүрээнд олон төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.  Гэхдээ тухайн байгууллагыг авч явах удирдах арга барил, хийх менежментийн хувьд айхтар ялгаа байхгүй.

-Эмнэлгийн даргын сарын цалинг сонирхож болох уу?

-Үндсэн цалин маань 950 мянган төгрөг байдаг. Үүн дээр ажилласан жил, зэргийн нэмэгдэл нэмэгддэг юм.

 -Таныг нийгмийн сүлжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын албыг 500 сая төгрөгийн үнээр худалдан авсан гэх юм. Та үүнд бодитой хариулт өгөхгүй юу?

-Тэр мэдээлэл нь хүмүүсийн хардлага сэрдлэг байх. Надад албан тушаал мөнгөөр худалдаж авах шаардлага байхгүй.

-Өөрийн мэргэшсэн чиглэлийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үений дурангийн хагалгааг нэвтрүүлээд эхэлсэн гэв үү?

-Би 2012 оноос хойш өвдөгний үений дурангийн мэс заслыг Монголд хийж, анхлан нутагшуулсан. Хүнийг эмчлэх мэс заслаа хийхдээ дуртай. Тэр ч утгаараа одоо хүртэл үений дуран, хиймэл үе солих зэрэг мэс заслуудаа хийсээр байгаа. Манай Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Хэрх үе судлалын төв гэж бий. Уг төвийнхөө хамт олонтойгоо нийлж, үений дурангийн мэс заслыг нэвтрүүлж, тогтмол хийхээр болсон. Цаашдаа олон шинэ эмчилгээний арга технологийг нэвтрүүлэн ажиллана гэж бодож байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах тал дээр юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Дэлхий даяар эрүүл мэндийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Тэрийгээ дагаад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд байнга суралцаж байх шаардлагатай болоод байна. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх зорилго тавин хүний нөөцийн бодлогоо илүү нарийвчлан судалж, 2020 онд ямар чиглэлээр шинэ техник технологийг нэвтрүүлэх, хэчнээн эмч, мэргэжилтэнг мэргэшүүлэх шаардлагатай байгааг төлөвлөж байгаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас чиглэл болгон дээр хүний нөөцийн дутагдал байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад нэг өвчин эмгэг болгоноор нь нэг эмч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн байдаг. Ирээдүйд ийм тогтолцоо руу орохын тулд эмч нараа зайлшгүй мэргэшүүлж, хөгжүүлэх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж