Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог тохирч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог тохирч чадахгүй байна

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог тохирч чадахгүй байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг УИХ дээр ид өрнөж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудыг МАН хүлээж авах эсэх, зарим саналыг нэгтгэх зэрэг зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл МАН-ын бүлэг өчигдөр зөвшилцлийн ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд Ерөнхийлөгчийн хэд хэдэн саналыг хүлээж авахгүй байх, зарим саналуудыг нэгтгэж, ерөнхийдөө зөвшилцөлд хүрээд буй.

ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Зөвшилцлийн ажлын хэсгийн саналуудыг МАН-ын бүлэг хоёр өдөр хэлэлцээд дахин Ерөнхийлөгчтэй уулзаж, зөвшилцөхөөр болсон юм. Учир нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 108 болгох, сонгуулийн тогтолцоо болон парламентын хугацаа болох УИХ-ын дарга, дэд даргыг таван жилээр сонгох зэрэг саналуудыг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Ялангуяа гишүүдийн тоог 108 болгох саналыг бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа бөгөөд одоогийн 76 гэдэг хувилбар хангалттай гэж үзжээ.

Харин сонгуулийн тогтолцоо  болон гишүүдийн тооны хувьд МАН хөндөх заалт оруулж ирээгүй ч  Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна гэж Үндсэн хуульд зааж өгөх ёстой гэсэн саналыг оруулж ирсэн. Олонхийн бүлэг энэхүү саналыг нь дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Тодруулбал,

МАН: УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

ЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын сонгуулийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мажоритор болон пропорциональ тогтолцоогоор явуулна. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн 3.1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Энэ хүрээнд өчигдөр Зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүд болон МАН-ын бүлгийн дарга Х.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин нарын төлөөлөл Ерөнхийлөгчтэй уулзсан байна.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДАРАА ШИЙДНЭ

Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн, батлахдаа заавал ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэдэг саналыг гаргаад буй. Хэрэв ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тогтоолыг яаралтай чуулганаар хэлэлцэн батлахгүй бол Ардчилсан намын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргад “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх” УИХ-ын тогтоолыг наймдугаар сарын 6-нд өргөн барьсан. Тиймээс АН-ын зүгээс ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тогтоолыг нь яаралтай чуулганаар хэлэлцэхгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байсан.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж, хариу, тайлбар өглөө.  Тэрбээр, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах албан бичгийг Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн. Энэ албан бичигтэй танилцаж, Үндсэн хуулийн журмын тухай хуульд заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн хууль, журамтай. Энэ хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд оруулах санал, ажлын хэсэг, зөвшилцөх ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн зөвшилцөл, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцохыг Ардчилсан намын зөвлөлөөс хүсч байна” гэлээ.

Тиймээс Ерөнхийлөгчтэй уулзсан зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүд өнөөдөр МАН-ын бүлэгт дахин мэдээлэл өгснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэх эсэх нь тодорхой болох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж