Дархан-Улаанбаатарын зам хугацаандаа ашиглалтад орох уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

VS

Дархан-Улаанбаатарын зам хугацаандаа ашиглалтад орох уу?

 Улсын чанартай томоохон авто замын нэг болох Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил олон нийтийн дунд бухимдал төрүүлээд буй. Сүүлийн өдрүүдэд бороо, хур элбэгтэй байгаа учраас шинээр тавьсан түр зам нь засвар шаардах болсон. Шинээр барьж байгаа авто замын эхний хэсгийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ч одоогоор ажлын явц муу байгаа юм.  Энэ чиглэлийн замаар энгийн үед 5802, оргил ачааллын үед 12800 тээврийн хэрэгсэл зорчдог. Сүүлийн гурван жилд тус замд 231 осол гарч 69 хүний амь эрсэдсэн байна. Авто замыг таван багц болгосон. Нэгдэх багц нь баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар  хүртэлх 37.2 км. Энэ замд Хятад компани шалгарч 16.3 сая ам.доллароор гэрээ хийсэн. Зургадугаар сарын 17-нд ажлаа эхлүүлэх гэрээ хийсэн. Хоёрт, Хар модот давааны араас Урьхан хүртэл 35 км зам. 13.7 сая ам.долларын гэрээ хийсэн. Гуравт, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэл 45.7 км зам 14.4 сая ам.долларын гэрээ хийсэн. Дөрөвт, Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэл 45.8 км зам. Тавдугаар багц Цайдмын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30.5 км зам. 9.8 сая ам.долларын гэрээ хийсэн. Ингээд нийтдээ 62.8 сая ам.долларын өртөгтэй зам. Үүнийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна.

Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр баригдах хоёр эгнээ замын ажил наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Авто зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох эсэх талаарх эсрэг тэсрэг байр суурийг VS буландаа онцолж байна.


 

 Д.Эрдэнэбат:
Ардчилсан намын зөвлөлийн дарга

-Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын яамнаас сонслоо. Улаанбаатар-Дарханы чиглэл болон Налайхын чиглэлийн замын шинэчлэлийг олон улсын байгууллагын санхүүжилтээр хийж байгаа. Тиймээс чанартай, стандартын дагуу хийх хэрэгтэй. Гэтэл Налайхын түр зам болон Улаанбаатар Дарханы чиглэлийн түр замын нөхцөл байдал  иргэдийг маш бухимдуулж байна. Түр замууд стандартын дагуу биш байна. Энэ жил бороо хур ихтэй байсан. Түүгээр шалтаглан ажлын явц удаашралтай байна.  Дарханы түр замаар зорчсоноор иргэд эдийн засаг,  амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Хэрвээ энэ улс орон иргэдийнхээ төлөө санаа зовдог юм бол түр зам стандарт шаардлагын дагуу, аюулгүй байдлыг хангасан  байх ёстой. Яамны зүгээс өгч буй мэдээллээр,  Дарханы  замын үйл явц, санхүүжилт хангалтгүй байна. 200 гаруй км түр замыг тавихад 6.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн  11 сард  гүйцэтгэл дуусна гэж яамнаас хэллээ. Гэтэл  ажлын явц  зохион байгуулалт муутай, технологийн шаардлага, технологийн сахилга батыг хангаж чадахгүй, өм цөм хийгдсэн байдалтай байна. Иймээс  яг 11 сардаа дуусна гэхэд хэцүү. Ер нь түр замын асуудлыг шийдэхгүйгээр Дарханы замын засварын ажлыг дуусгах нь хүндрэлтэй. “Зарим нөхдүүд тэвчээртэй байгаарай” гэж хэлээд байх шиг байна. Тэвчээрт хязгаар бий. Энэ замаар зорчих ослын тоо нэмэгдээд байвал түүгээр зорчих асуудал хүндэрнэ. Түр замаар ч хүн зорчино гэдгийшг мартсан байна. Тиймээс маргаашнаас эхэлж анхаарал тавиад, түргэн шуурхай ажиллах шаардлагатай.

 Б.Энх-Амгалан:
Зам тээврийн хөгжлийн сайд

-Дарханы зам 15 хоногийн хоцрогдолтой байна. Дарханы замын нэгдүгээр багц, баруун аймгууд руу явах уулзвараас Хар модотын даваа хүртэл 37.2 км авто замын ажлын түр замын байгуулах ажлын явц 92 хувьтай байгаа бол талбайн цэвэрлэгээ 63.3 хувьтай, замын нийт ажлын явц 20 хувьтай байна. Хоёрдугаар багц, Хар модотын даваанаас өргөн хүртэл 30 км нь хоёрдугаар багцад хамаарна.  Ажлын явц найман хувьтай байна. Гуравдугаар багц, Урьханаас Сүмбэр хүртэл. Нийт ажлын явц 15 хувьтай байна. Дөрөвдүгээр багц,Сүмбэрийн уулзвараас, Цайдамын хөндийг хүртэл 45 км, замын нийт ажлын явц 5.7 хувь байна.  Тавдугаар багц, Цайдамын хөндийгөөс Дархан хүртэл 30.5 км авто зам. Нийт ажлын явц 15 хувьтай байгаа. Бороо их орж байгаа учраас хүндрэл гарч байна. Дархан, Сэлэнгэ аймгууд газар тариалангийн бүс нутаг. Бор шороон хөрстэй. Тавьсан зам урсаад явчих юм. Бороо орсон үед түр зам алга болчихоод байгаа учраас үндсэн замаараа явуулахаас аргагүй болж байна. Зохицуулалтуудыг газар дээр нь хийж байна. Бороо ороод шингэсний дараа бор хөрс нь урсаж яваад хайрга үлдчихээд байгаа юм. Дахиад замаа тавьж байна. Энэ мэт хүндрэлүүд их гарч байгаа. Тиймээс иргэдийг ойлгож хүлээж аваасай гэж хүсч байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж