Хятадыг дэлхийтэй холбосон санхүүгийн гүүр нурах уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Хятадыг дэлхийтэй холбосон санхүүгийн гүүр нурах уу?

Хятадыг дэлхийтэй холбосон санхүүгийн гүүр нурах уу?

Ази дахь дэлхийн санхүүгийн томоохон төв Хонгконгод эсэргүүцлийн жагсаал 10 дахь долоо хоногтоо үргэлжилж буй нь эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлжээ. Бээжинг эсэргүүцсэн жагсаал цуглаан газар авснаас олон улсын нислэгүүд цуцлагдаж, хөрөнгө оруулагч, бизнесменүүд Хонгконгоос дайжих болов. Нийтийг хамарсан жагсаал цуглаан, үймээн нь АНУ болон Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайнд нэрмээс болж, богино хугацаандаа Хонгконгийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна. Хонгконгод өдгөө үл хөдлөхийн үнэ огцом унаж, 4,9 их наядын өртөгтэй хувьцааны зах зээл нь хумигдаж эхэлжээ. Цаашилбал, Хонгконгийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчид, бизнесменүүдэд ээлтэй санхүүгийн төв гэсэн имижээ алдаж, Хятадыг дэлхийтэй холбосон санхүүгийн гүүр нурах эрсдэлтэй гэж ажиглагчид дүгнэжээ. Хонгконгийн ДНБ энэ оны хоёрдугаар улиралд өмнөх гурван сараас 0,3 хувиар буурсан ба худалдан авах индекс 2009 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрчээ. Мөн хөрөнгийн наймаа 35 хувь, жижиглэн худалдаа сүүлийн таван сар дараалан унажээ. Үүнээс үндэслээд Хонгконг хэдийн хямралд орж эхэлсэн хэмээн “ING” банкны эдийн засагч Айрис Пан мэдэгдсэн байна. Нөхцөл байдлыг өөдрөгөөр харж буй зарим шинжээчдийн хувьд Хонгконгийн эдийн засгийн хохирол таван жилийн өмнө болсон “шүхэрт хувьсгал”-аас хэтрэхгүй гэж тооцжээ.

Нөгөө талд Хятадын хөрөнгө оруулагчид хил дамнасан худалдааны 17 шугамыг ашиглан Хонгконгийн хувьцааг худалдан авах нь нэмэгджээ. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш Хонгконгийн хувьцааны ханшууд 500 тэрбум ам.доллар орчмоор унасан байна. Хонгконгод ням гаригийн ширүүн мөргөлдөөний дараа даваа гаригт бүх нислэг цуцлагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хотын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий таван хувьтай тэнцэх хэмжээний шууд ба шууд бус хохирол учирчээ. Хонгконг нь өнгөрсөн онд 427725 нислэг хүлээн авч, нисгэсэн Азийн хамгийн хөл хөдөлгөөнтэй нисэх буудал төдийгүй дэлхийн хамгийн том ачаа тээврийн дамжин өнгөрөх бүс юм.

Өдгөө Хонгконгийн эсэргүүцэлд Бээжин хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь хөрөнгө оруулагчдын санааг илүү зовоож байна. Учир нь Хонгконгийн ерөнхийлөн захирагч Кэрри Лам удаан үргэлжилж буй ард түмний тэмцлийг намжаах ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Гэхдээ тэрбээр засгийн газраас шийдвэртэй арга хэмжээ авахаар төлөвлөж буйг мэдэгдсэн юм. Эсэргүүцлийн жагсаал, үймээн нь Хонгконгийн эдийн засгийг хохироогоод зогсохгүй Бээжинтэй харилцааг муутгаж болзошгүйг Боком инртернейшнл байгууллагын шинжээчид анхааруулжээ. Бээжин нь Хонгконгод цэрэг оруулж, хүчээр эсэргүүцлийг дарах вий гэсэн айдас, таамаг олон улсад байна. Хятадын эрх баригчид Хонгконгийн удирдлагуудыг хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн  энэ тусгай захиргааны аралд сөрөг хүчнийхний үүсгэсэн нөхцөл байдлаас нэг улс, хоёр системийг хамгаална гэж мэдэгдсэн. Энэ хооронд Хятадын Ардын армийн зэвсэгт цагдаагийн хүчин хилийн хот Шеньженьд өргөн хүрээтэй дасгал сургуулилт хийж эхэлснийг “Global Times” сонины мэдээлжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Хонгконгийн түүхэнд тохиосон хамгийн том хэмжээний буюу 7,5 сая хүн амын 2 сая нь оролцсон жагсаал болсон юм. Жагсагчид эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцэж,  “Бээжингийн утсан хүүхэлдэй болсон” Хонгконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Ламыг огцрохыг шаардан жагсаал хийсэн юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж