Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборын дэргэд орших Хүүхдийн овоог олон нийтэд танилцуулах арга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Халхгол суманд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, “Нэг голын хүүхдүүд” төслийн багийнхан болон Халхгол сумын удирдлагууд оролцон “ХҮҮХЭД-ЭРДЭНЭ” хүүхдийн бэсрэг наадмыг зохион байгуулж, хүүхдийн хүчит бөхийн барилдаан, сурын харваа, хурдан дааганы уралдаан, шатар зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулав. Хүүхдийн овоог олон нийтэд танилцуулах арга хэмжээнд Дорнод аймгийн 14 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид оролцсон бол овоог сэргээх анхны үйл ажиллагаанд нийт 500 гаруй хүүхдүүд оролцсон юм.
Түүх соёлоо сэргээсэн энэхүү арга хэмжээний онцлогоос дурдвал XIX зууны үеийн Монголын улс төр, соёлын нэрт зүтгэлтэн То вангийн хошууныхаа урлагийн авьяастай 24 хүүхдийг сонгон авч "Хөгийн найман багачуудын дэг" нэртэй тус бүр 8 хүүхэдтэй дуучин, бүжигчин, хөгжмийн анги хичээллүүлж соён гэгээрүүлэх их хэргийг эхлүүлж байсан сайхан түүхийг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Алтанцэцэг, У.Отгонцэнгэл багштай “Дорнын бүжиг” клубын авъяаслаг хүүхдүүд маань өөрсдийн уран бүтээлээрээ толилууллаа.
Мөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг угтан Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс бүх сумдынхаа хүүхдүүдийн төлөөллийг ялалтын өлгий нутаг, түүхэн дурсгалт газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулж, шинэ сум төсөлтэй танилцуулахаас гадна овоог сэргээх анхны арга хэмжээнд оролцсон хүүхэд бүр Ялалтын өлгий нутагтаа мод тарьж нэгэн түүхийг хамтдаа бүтээлцлээ.
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн захиалгаар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Их бурхант” цогцолборын өлмийд орших Хүүхдийн овоонд 2018 оноос эхлэн малтлага судалгааг хийж эхэлсэн бөгөөд судалгааны дүгнэлтэд Хүүхдийн овоо хэмээх 17 овоо нь бурхдын суурь, сэнтий байсан хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Манал бурхны танка зургийн хувилбарыг бодит байдлаар хийсэн Ариун шүтээний газар хэмээн дүгнэлт гарчээ.
Мөн 2018 оны сорилын малтлагаар олдсон модны нүүрснээс авсан дээжийг Япон улсад шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд ойролцоогоор 357 жилийн өмнө буюу 1633-1669 оны үед холбогдох үр дүн гарчээ.
Холбоотой мэдээ