Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан 16 бөхийн допингийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн. Шинжилгээ өгсөн бөхчүүд хариугаа наймдугаар сарын 11-н буюу өнгөрсөн ням гаригт фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн. Тухайн өдөр нийт 14 бөх мэдээлэл хийсэн бол өчигдөр /2019.08.13/ Улсын гарьд Б.Гончигдамба тайлбар хийлээ. Харин бөхийн түрүү авч, аварга цол хүртсэн Э.Оюунболд одоогоор мэдээлэл хийгээгүй байгаа нь "Хориотой бодис хэрэглэж байж наадамд түрүүлэв үү" гэх хардлага араасаа дагуулах болсон.
Мөн Баяр наадмыг зохион байгуулах хорооноос хоёр бөхийн нэгээс дөрвөн төрлийн, нөгөөгөөс нэг төрлийн хориотой бодис илэрсэн болохыг онцолсон ч шинжилгээний хариутай холбоотой тайлбар хийсэн бөхчүүд бүгд цэвэр гэж мэдэгдсэн нь нэг нь зориудаар ташаа тайлбар хийв үү, эсвэл Баяр наадмыг зохион байгуулах хороо хоёр болгож, эргэлзээтэй мэдээлэл хийв үү гэх асуудал хөндөхөд хүргэж буй. Шинжилгээний хариуны талаар мэдээлсэн бөхчүүдийн байр суурийг хүргэе.
Улсын аварга Н.Батсуурь
Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Надад наймдугаар сарын 9-нд баяр наадмын комиссоос “Таны биеэс хориотой бодис илрээгүй” гэж хэлсэн байгаа. Дараа дараагийн бөхчүүддээ энэхүү мэдээллийг хийгээд ард түмнийнхээ эргэлзээг тайлахыг хүсэж байна.
Улсын аварга Ч.Санжаадамба
Сайн байцгаана уу. Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадамд тав давж, шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авсан. Наймдугаар сарын 9-ний өглөө над руу Баяр наадмын комиссоос ярьсан. “Таны шинжилгээний хариу ирлээ. Допингийн төрөлд ордог эм, бэлдмэл ирсэнгүй” гэж хэлсэн байгаа. Баяр наадмын комисс энэ илэрсэн гээд байгаа хүмүүсийн нэрсийг хурдан зарлаад ард түмнийг тайвшруулмаар байна. Тэгэхгүй бол янз бүрийн таамаг гараад байдаг. Над руу допингтой тэмцэж байгаа учир Та мэдэгдэл хийх ёстой гэж хандсан. Би Баяр наадмын комиссыг зарласны дараа ярья гэж бодож байлаа. Хугацаа авах гээд байх шиг байна. Би хөдөө наадамд явж байна. Үндэсний бөхийн холбоо ч гэсэн дуугармаар байгаа юм. Эхлээд их олон хүний нэр ярьж байгаад сүүлдээ 1-2 хүн болдог. Энэ тал дээрээ сайтар анхаараад хариу ирэнгүүт олон нийтэд үзүүлж болдоггүй юм уу. Бөхчүүдийн нэрээр код байгаа шүү дээ. Би бол наадмын өмнө допингийн асуудлаар ярьсан. Зарим хүмүүс үүнийг ойлгохгүй над руу дайрсан. Би энэ явцыг харзная гэж бодсон учраас цаг авчихлаа. Допингийн асуудлыг сайн шийдмээр байна. Цолыг нь хураадаг ч юм уу. Тэгэхгүй болохоор ингээд бүгдээрээ хэрэглээд байгаа ш дээ. Бөхчүүд дотроо бие биенээ хэн хэн хэрэглэж байгааг мэддэг. Зарим нь яагаад илрэхгүй байна гэдэг асуудалтай байна. Тийм болохоор Баяр наадмын комисс эртхэн шийдвэр гаргаад явцынхаа шинжилгээг аваад эхэлсэн нь дээр байхаа. Монгол бөхийн эрүүл саруул, шударга өрсөлдөөнийг ард түмэндээ бөхчүүд маань сайхан барилдаанаараа харуулж, шударга барилдаанаар цэнгүүлж байх гэж бодож байна. Явцын шинжилгээгээ сайн аваад бүтэн жил авчих юм бол цэгцрэнэ дээ. Энэ допингийн асуудлаас болж зарим нь хождог, зарим нь хохирдог. Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураачихсан. Зарим хүмүүсийг барилдах эрхийг нь хасчихдаг. Зарим нь даваагүй байж заан, начин, харцага болдог. Энэ бүгдийг Үндэсний бөхийн холбоо дүрмэндээ оруулаад зөв зүйтэй талд хийхгүй бол. Үүнийг дагаад долоо даваагүй заан, зургаа даваагүй харцага, тав даваагүй начин гээд болоод байна. Би бөхчүүдийг ингээд шинжилгээний хариугаа хэлж байгаад баяртай байна. Наадмын өмнө дуугараад бөхийн төлөө шударга үнэнийг хэлээд байсан бол болох байлаа. Гэхдээ одоо хожимдоогүй байх. Хэдүүлээ сайхан нийлээд допингийн талаар ярилцаад шийдэхгүй бол өчнөөн сайхан залуус шударгаар барилдаад хохирч байна. Одоо шөвгөрсөн бөхчүүд маань бүгд ингээд мэдээлэл хийх байх. Монголын ард түмэн бүгдээрээ хараад ойлгодог ард түмэн шүү дээ. Допинг гэдэг аюултай зүйлийг яагаад хэрэглээд байгааг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж өгөх хэрэгтэй. Намайг өс санасандаа 4-5 бөх рүү дайрлаа гээд их ярьсан. Би эдгээр бөхчүүд рүү дайраагүй юмаа. Бөхийн холбооны буруу шийдвэр гаргасныг л хэлсэн юм. Энэ хүмүүсийн өнөөдрийн амжилт биш ээ. Маргаашийн аз жаргал, гэр бүлээрээ үр хүүхдээрээ сайхан амьдрахын төлөө өөрсдийнх нь төлөө ярьж байгаа юм. Дэлхийн нийтээрээ хортой зүйлийн төлөө тэмцээд хэрэглэхгүй байхад манай Монголын үндэсний өв соёл болсон эрийн гурван наадмын нэг монгол бөх маань хэрэглээд байвал тэдний үр удам, генийн өөрчлөлт гээд зөндөө асуудал байна. Мэргэжлийн эмч нар бүгдээрээ мэднэ. Би энэ талаас нь ярьсан шүү. Би өөрийгөө бодож хэлээгүй юм шүү. Допингийн талаар би 10-аад жилийн өмнөөс анх барилдаж байх үедээ хэлж байсан. Тэр үед миний дуу хоолой хүрэх нь бага байсан учраас хүмүүст хүрдэггүй байлаа. Үүнийг ойлгож байгаа бөхчүүддээ бөхөө дээдэлдэг ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдээрээ цэвэр ариун сайхан зүйлийн төлөө монгол бөхөө цэвэр ариун зам руу оруулахын төлөө сайхан нийлээд тэмцэнэ ээ. Баярлалаа.
Улсын аварга С.Мөнхбат
Сайн байцгаана уу. Сайхан намаржиж байна уу. Ардын хувьсгалын 98 жилийн ойд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирсэн байна. Миний биед допингийн ямар нэгэн хориотой бодис илэрээгүй нь тогтоогдсон. Над руу ярьсан байгаа.
Улсын арслан П.Бүрэнтөгс
Сайн байцгаана уу. Жил бүрийн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авдаг. Энэ жилийн шинжилгээний хариу ирсэн юм билээ. Над руу наймдугаар сарын 9-нд баяр наадмын комиссоос ярьж “Таниас ямар нэгэн хориотой бодис илрээгүй гэж мэдэгдсэн.” Тиймээс Баяр наадмын комиссоос допингийн хариуг ил тод зарлахыг хүсэж байна.
Улсын арслан Ц.Содномдорж:
Би анх удаа лайв хийж үзэж байна. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхаа төрөлх сургуулийн ойд ирж баярлаж байна. Нэг мэдэгдлийг та бүхэндээ хэлэх гэсэн юм. Энэ нь допингийн асуудалтай холбоотой мэдээлэл байгаа юм. 2019 оны наймдугаар сарын 9-нд Баяр наадам зохион байгуулах хорооноос надтай ярьсан. “Таны шинжилгээний хариу ирлээ. Ямар нэгэн хориотой бодис илрээгүй” гэсэн мэдээллийг өгсөн. Хоёр бөх асуудалтай байгаа юм шиг байна. Энэ талаар яаралтай зарлаачээ гэж Баяр наадмын комисс болон Шадар сайдаас хүсч байна.
Улсын харцага Б.Бат-Өлзий
Сайн байцгаана уу. Баяр наадмын комиссоос миний шинжилгээнээс хориотой бодис илрээгүй гэж мэдэгдлээ. /Түүний хувьд лайв хийгээгүй бөгөөд фэйсбүүк хуудастаа бичиж үлдээсэн болно./
Улсын харцага Д.Анар
Сайн байцгаана уу. Миний допингийн шинжилгээний хариу гарсан. Надаас допингийн ямар нэгэн хориотой бодис гараагүй гэж мэдэгдсэн.
Улсын өсөх идэр начин Э.Энхбат
Сайн байцгаана уу. Наадмаас хойш хөдөөгүүр явж байгаад өнөөдөр утсаа асаасан чинь Наадмын комиссоос допингийн шинжилгээний хариуг мэдэгдэх гэж залгасан байна. Надаас хориотой бодис илрээгүй.
Улсын начин Д.Цэрэнтогтох
Сайн байцгаана уу. Надаас допингийн төрлийн эм бэлдмэл илрээгүй ээ.
Улсын начин А.Давааням
Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 2019 оны наймдугаар сарын 9-нд Баяр наадмын зохион байгуулах хорооноос миний биед ямарваа нэгэн хориотой бодис илрээгүйг болохыг албан ёсоор мэдэгдсэнийг ард түмэндээ мэдэгдье. Баярлалаа.
Улсын начин Б.Цэдэнсодном
Сайн байцгаана уу. Жил бүр тав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Наймдугаар сарын 9-нд Наадмын зохион байгуулах хорооноос над руу залгаж, миний шинжилгээний хариунаас ямар нэгэн хориотой бодис илрээгүй гэдгийг хэлсэн байгаа. Наадмын комиссоос шинжилгээний хариуг ил тод зарлахыг хүсэж байна.
Улсын начин Н.Баярбаатар
Сайн байцгаана уу. Баяр наадмын зохион байгуулах комиссоос Төрийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний нэг болох миний шинжилгээнээс допингийн төрлийн эм илрээгүйг албан ёсоор мэдэгдсэн. Та бүхэндээ баярлалаа.
Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
Сайн байцгаана уу. Хөдөө сүлжээгүй газар хэд хоног явж байгаад сумандаа орж ирлээ. Бөхийн салбар хорооноос “Таниас допингийн төрлийн бодис илрээгүй” гэдгийг хэлсэн байгаа.
Улсын начин Б.Орхонбаяр
Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Дөнгөж сая над руу Допингийн эсрэг үндэсний төвөөс миний биеэс ямар нэгэн допингийн төрлийн бодис илэрээгүйг мэдэгдлээ. Дашрамд дуулгахад, өнөөдөр миний бие цолныхоо мялаалга бэсрэг наадмыг хийж байна.
Улсын гарьд Б.Гончигдамба өчигдөр олон нийтэд мэдээлэл хийсэн. Тэрбээр “Баяр наадмын комиссоос залгасан эхний өдөр нь би хөдөө явж байсан болохоор холбогдоогүй. 88-тай дугаараас наймдугаар сарын 10-ны өдөр Баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргатай ярьсан. Допингтой холбоотой янз бүрийн яриа гарсан. Миний хувьд хориотой зүйл гараагүй.Надад албан ёсны мэдээллийг өгсөн” гэлээ.
Бөхчүүд ийнхүү албан ёсны мэдээллийг өгөөд байна. Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооноос 16 бөхийн хоёр нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд шинжилгээний хариуг зарлах хамгийн ойрын хугацаа наймдугаар сарын 19 гэдгийг мэдээлсэн. Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн бөхчүүд “В” сорьцийн шинжилгээг хийлгэх хүсэлтээ Монголын Допингийн эсрэг үндэсний төвд тавих юм бол олон нийтэд мэдээлэх хугацаа дахин 10 хоногоор сунгагдах юм.
Үндэсний их баяр наадамд тав давсан буюу шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээг авдаг бөгөөд энэ жилийн бөхийн барилдааны тавын давааны ам болон давсан байдлыг хүргэе.
Тавын давааны дүйц: /Тодруулсан бөх нь давсан/
- Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал
- Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цолонд хүрсэн/
- Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
- Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн арслан П.Мөнхбат
- Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Бадамгарав
- Улсын арслан Э.Оюунболд – Аймгийн арслан Н.Мустафа /Э.Оюунболд Улсын аварга цолонд хүрсэн/
- Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр
- Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Тайван
- Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цолонд хүрсэн/
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Бат-Амгалан
- Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цолонд хүрсэн/
- Улсын харцага М.Бадарч – Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цолонд хүрсэн/
- Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа
- Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан /Д.Анар Улсын харцага цолонд хүрсэн/
- Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж /Улсын начин цолонд хүрсэн/