Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар өнөөдөр /2019.08.13/ Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Зоонозын өвчин судлалын төв хамтран мэдээлэл хийлээ.
Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар нийт 2293 удаагийн дуудлага хүлээн авчээ. Үүний дөрөв нь ой хээрийн түймрийн, 2110 нь гал түймрийн дуудлага эзэлсэн байна. Ингэхдээ 900 гаруй иргэний амь насыг аварч, 27 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.
Мөн нийслэлийн Цагдаагийн газартай хамтран Туул гол орчимд завьт эргүүл хийх болжээ. Завьт эргүүл ажилласнаар иргэдийг үер уснаас урьдчилан сэргийлэх ажил давхар хийгдэж буй аж.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтэс энэ он гарсаар 540 мянган га талбайд хяналт шалгалт хийжээ.
Мөн хяналт шалгалт хийх үеэрээ найман тарвага, нэг чоно, гурван хярс хууль зөрчин агнасныг илрүүлж, гарал үүслийн бичиггүй нэг зэрлэг гахай, чоно, 14 ширхэг хөлдөөсөн загас зэргийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн байна.
Үерийн улмаас бохирдсон газар, талбайг ариутган халдваргүйжүүлэх, хөрсний бохирдол үүссэнээс шалтгаалан халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг ч хийж буй ажээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь 2019 он гарснаас хойш 930 дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлжээ.
Монгол Улсад хачигаар дамжих халдвар нь буурсан ч тарваган тахал өвчин өмнөх жилийнхээс 14 хувиар нэмэгдсэн гэлээ. Тодруулбал, нас баралт нэг голомтод хоёр гарсан нь ноцтой байна гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Улаанбаатарт тарваганы боодог идсэн гэсэн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа тул анхаарах нь зүйтэй гэдгийг ч сануулж байна.
Мал, амьтны гаралтай халдварт өвчин нь ихэвчлэн хулгайн замаар тээврийн хэрэгслээр зөөвөрлөгдөж орж ирэх тохиолдол их байдаг учраас нийслэл рүү орж ирэх замуудын хяналт шалгалтыг сайжруулж байгаагаас гадна тээврийн товчооны хэсгүүд дээр хяналтын камерыг суурилуулаад байгаа аж.
Э.БАГЛААЦЭЦЭГ
Холбоотой мэдээ