"Хотын сурагчдын нуруу бөгтөр, баруун мөр унжсан байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

"Хотын сурагчдын нуруу бөгтөр, баруун мөр унжсан байна"

"Хотын сурагчдын нуруу бөгтөр, баруун мөр унжсан байна"

Монгол Улс хамгийн сүүлд 1995 онд хүүхдийн биеийн стандартыг тогтоох судалгаа хийжээ. Улмаар  нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөр хүүхдийн биеийн өсөлт, хэлбэр, хэмжээ өөрчлөгдөж, 24 жилийн өмнө тогтоосон стандарт нь дэлхийн жишигт нийцэхгүй, өнөөгийн хүүхдийг бүрэн илэрхийлж чадахгүй, хоцрогдсон гэхэд буруудахгүй. Үүнийг нотлох мэт үндэсний үйлдвэрлэгчдийн бэлддэг сурагчдын дүрэмт хувцас багадах эсвэл томдох, сургуулийн ширээ, сандал таарахгүй байх зэрэг асуудал тулгарсаар иржээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ захиалгаар Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хувцас судлалын төвийн судлаачид монгол хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэжээ. 

Дэлхийн  улс орнууд хүүхдийн  биеийн  хэмжээний стандартыг биеийн  хэв шинж, галбир, хүйсээр нь  тав болон арван жил тутам шинэчлэн баталдаг бол Монгол Улс 24 жилийн дараа монгол хүүхдийн биеийн тогтсон хэмжээтэй болж байна гэсэн үг юм. Судалгааны талаар өнөөдөр /2019.08.13/ холбогдох байгууллагуудын төлөөөлөл  танилцууллаа. 

Тус судалгааг 2018 оноос хийж эхэлсэн  бөгөөд  Төв аймаг, Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар  аймаг, Улаанбаатар  хот гэхчлэн улсын хэмжээнд нийт 1 сая 82 мянган  хүүхэд тус бүрээс 63 төрлийн биеийн хэмжээг авчээ.

ОРХОН АЙМАГ БОЛОН УЛААНБААТАР ХОТЫН ТӨВИЙН БАЙРШЛЫН ХҮҮХДҮҮД ӨНДӨР 

ШУТИС-ийн Хувцас судлалын төвийн захирал  дэд профессор, доктор  Д.Ариунболор  “Монгол хүүхдийн биеийн хэмжилт судалгааны ажил 1985 онд  хийгдэж 1995 онд монгол хүүхдийн биеийн стандартыг батлуулсан. Үүнээс хойш 24 жил өнгөрсөн байна. "Монгол хүүхдийн биеийн хэмжээ" судалгаа нь  6-18 насны хүүхдийн биеийн гурван хэмжээст хэмжилт судалгаа явуулж, мэдээллийн сан бүрдүүлэх, стандарт боловсруулах зорилготой. Гурван хэмжээст хэмжилт судалгааны тоног төхөөрөмж нь дэлхийн хэмжээнд ашиглаж байгаа, олон улсын стандартыг хангасан. Харин мэдээллийн сангийн хувьд нууцын өндөр зэрэглэлтэй байж, Монгол хүүхдийн биеийн дундаж, стандарт хэмжээг тогтоох зорилгоор зөвхөн ашиглагдах юм. 

Судалгаанаас харахад Орхон аймаг болон Улаанбаатар хотын төвийн байршлын хүүхдүүд өндөр өсгөлүүн байгаа бол зарим аймгийн хүүхдүүд намхан байх жишээний. Ерөнхийдөө хотын хүүхдүүд бөгтөр, баруун мөр нь  их  унжсан хүүхдүүд их ажиглагдсан. Энэ нь мэдээж сурагчдын үүрч байгаа цүнхтэй холбоотой.

1985 онд хийгдсэн судалгаатай харьцуулахад өнөөдрийн хүүхдүүд нас насныхаа хувьд огцом ялгаатай зүйл гараагүй. 1985 онд арван жилийн боловсролтой хүүхдүүд найман настайдаа сургуульд ордог байсан. Боловсролын хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол  Улс 12 жилийн ерөнхий боловсрол олгох сургалт явуулж эхэлснээр зургаан настай хүүхдүүд сургуульд элсэн орох болсон. Тэгэхээр яахын аргагүй шинэ стандартыг тогтоох цаг болсон. Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төслийн тайлан хүлээлгэж өгөхдөө дахин танилцуулна” гэв.

2008 ОНООС ХОЙШ 6 НАСТАЙ ХҮҮХДИЙН ӨНДӨР  6.9 СМ-ААР НЭМЭГДЖЭЭ

ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологийн инженерчлэлийн салбарын ахлах багш доктор Р.Юмжирмаа  “Судалгааны үр дүнд :

  • Бага ангийн хүүхдийн дундаж өндрийн хэмжээ 128.4 см, харин эрэгтэй  129.6 см,
  • Дунд ангийн эмэгтэй  хүүхдийн өндөр 140 см, эрэгтэй 142 см, 
  • Ахлах ангийн  эмэгтэй хүүхдийн өндөр 158.2 см, эрэгтэй 169 см гэж тодорхойлсон.

Сурагчдын 6-17 насанд нас бүрт нь бүх үндсэн хэмжээ дагалдах хэмжээг тодорхойлоод стандарт хийж байгаа. Энэ нь манай судалгааны онцлог тал юм. Бид судалгааныхаа үр дүнг 2008 онд хийсэн  Г.Амгалан судлаачийн үр дүнтэй харьцуулж үзэхэд зургаан настай хүүхэд 6.9 см-аар 17 настай хүүхэд 2.7 см-аар өссөн байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж