АН: Ард нийтийн санал авахгүй бол хэлэлцүүлэгт орохгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

АН: Ард нийтийн санал авахгүй бол хэлэлцүүлэгт орохгүй

АН: Ард нийтийн санал авахгүй бол хэлэлцүүлэгт орохгүй

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, нийгэмд тулгамдаж буй цаг үеийн олон асуудал болох ургац хураалт, зам засварын ажлын талаар холбогдох сайд нараас мэдээлэл сонсов.

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хуйларч, цаг үеийн бусад асуудалдаа анхаарахгүй байсаар төр засаг иргэдийг бухимдуулж байна. Ялангуяа зам засварын томоохон ажил болох Дархан-Улаанбаатар, Налайх чиглэлийн замын ажил иргэдийг бухимдуулж байна. Тиймээс бид өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд болон газрын дарга нарынх нь мэдээллийг сонслоо. Цаашид ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, эрчим хүчний бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөж байна" гэлээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил төсөв, зохион байгуулалтын хувьд дутуу зүйл их байгааг салбарын сайдад нь анхааруулж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах чиглэлд ажиллах ёстой гэдгийг сануулжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”, Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн авто замын засварын талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох мэргэжилтнүүдээс дээрх чиглэлийн замын ажлын явц, ажиллах хүчин зэргээр мэдээлэл солилцлоо. Иргэд олон нийтийн гол анхаарч буй асуудлуудын нэг бол дээрх авто замуудын ашиглалтад орох хугацаа болон ажлын явц юм. Тиймээс хур бороо ихтэй эдгээр өдрүүдэд онцгой ач холбогдол өгч ажлын явцыг анхааралдаа авч ажиллалаа. 200 гаруй км замд хэдхэн тэрбум төгрөг төсөвлөгдөнө гэдэг чанарын шаардлага хангах тал дээр эргэлзээ төрүүлж байна. Мөн цаг хугацааны хувьд анхаарч, хугацаандаа хүлээлгэн өгөхийн тулд чанарын шаардлага хангахгүй зам ашиглалтанд өгөх вий гэсэн болгоомжлол байх хэрэгтэй. Учир нь одоогийн ажлын явцыг ажиглахад 11 сард ашиглалтад орно гэдэг эргэлзээтэй байна. Орлоо гэхэд дахин чанарын шаардлага яригдах болов уу гэсэн асуудлууд дээр ЗТХЯ-тай хэлэлцэж мэдээлэл солилцлоо. Бид цаашдаа энэ мэтчилэн газар тариалан, ургац хураалттай холбоотой асуудлаар ХХААЯ-тай,  дараа нь ЭХЯ-тай хамтран эрчим хүч, нүүрсний талаар болон өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан утааны талаар асуудал дагуулж мэдээлэл авна хэмээн төлөвлөөд байна”гэв.

Мөн тус зөвлөлийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын талаар ярилцсан байна. АН-ын зөвлөлөөс тодорхой саналуудаа ажлын хэсэг болон байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр батлуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, орон нутгийн засаг захиргаатай холбоотой зэрэг саналууд дээр байр суурь хэвээрээ байгаа гэдгийг зөвлөлийн дарга онцлов.

Түүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг заавал ард түмнээр батлуулах ёстой гэсэн УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад наймдугаар сарын 6-нд хүргүүлсэн. Тэр тогтоолыг чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэхгүй бол АН-ын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ хатуу илэрхийлж байгаа гэлээ. Хамгийн гол анхаарал татаж байгаа сэдэв нь Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь ард түмэнд байгаа гэдгийг дахин сануулж нэмэлт өөрчлөлтийг ард түмнээрээ батлуулах бидний шаардлага хэвээр байгаа гэдгийг мөн хэллээ. Энэ байр суурьтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна  гэлээ. Тус хүсэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна гэдгийг хэлж байлаа.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар шатанд явж байгаа вэ?

-Хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. Гишүүдийн тоог нааш цааш болгох асуудал их яригдаж байгаа. Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоо бол асуудал биш гэж харж байгаа. Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг нь Ардчилсан парламентыг бий болгох гол хүчин зүйл гэсэн байр сууриа хадгалж, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёололыг баталсан үндсэн байр сууриа илэрхийлсэн байгаа. Бид зарим нэг завсрын зүйл дээр онцгой ач холбогдол өгөх шаардлагагүй гэж үзэж байна.

-Ард нийтийн санал асуулга явуулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж амжихгүй байх магадлалтай  гэж харагдаж байна. Энэ тал дээр зөвлөлийн байр суурийг илэрхийлбэл?

Анх 10 дугаар сарын 3-нд зохион байгуулна гэж төлөвлөж байсан. Тэр хэвээр байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуулийг ард нийтээрээ бүрэн ойлголцож байж батлах ёстой. Энэ чинь нийгмийн гэрээ шиг хэрэгтэй зүйл, төр тулгаж хийдэг асуудал биш. Хэрвээ УИХ үнэмлэхүй олонхиороо батлах юм бол мэдээлэлгүй байгаа ард иргэдэд шууд тулган шаардаж, өөрийнхөө эрх ашигт нийцүүлж Үндсэн хуулийг баталж байна гэж ойлгогдож байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлэг гэж хийлээ. Ерөнхийлөгчийн санал орсноос хойш энэ амралтын хугацаанд хэлэлцүүлэг хийсэн гэхэд итгэх боломжгүй. Ард нийтийг мэдээлэлгүй байгааг далимдуулж, эсвэл нэг талын хэт мэдээллийг баримталж үндсэн хуулийг улс төрийн олонхоор баталж огт болохгүй. Үүнээс гарах сөрөг үр дагаварыг хэн хариуцах вэ? Энэ 76-д жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс ард иргэдэд нэгдсэн журмаар ойлголт өгч байж батлах ёстой.

-Хөрөнгө мөнгө зохион байгуулахад өндөр зардал гарна гэж зарим гишүүд хэлж байсан. Мөн ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байгаа юу?

Хөрөнгө мөнгөөр хэмжигдэх асуудал биш. Бид бараг гучаад жилийн дараа шинэ Үндсэн хуулиа хэлэлцэж байна. Тиймээс улс орны хөгжлийн төлөө зөв батлах нь чухал. Ерөнхийлөгчийн хувьд ард нийтээс асууж хэлэлцэх нь зүйтэй шүү гэсэн байр сууриа илэрхийлсэн нь одоо хүртэл хэвээр байгаа боловуу гэж бид үзэж байна.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж