Ази Европыг холбосон эдийн засгийн коридор болох хүсэлтээ олон улсад илэрхийлээд байгаа Монгол Улсыг сонирхогчдын тоо нэмэгдсээр байна. ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр тохирсон ажлуудаас биелэлээ олж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН, БНСУ-ын үндэсний “Корейл корпораци” хамтран ажиллахаар болж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр улсын хооронд дамжин өнгөрүүлэх тээврийн шинэ үе ирэх юм.
Далайд гарцгүй дэлхийн 44 орны тоонд багтдаг Монгол Улс 2015 онд 25 мянган тонн нүүрсийг БНАСАУ-ын Ражин боомтоор олон улсад гаргах туршилтын ачилт хийнэ. 21 хоногийн өмнө БНАСАУ-тай тохиролцоонд хүрсэн Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН энэ удаа БНСУ-ын хамгийн том тээврийн компанитай ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.
2015 онд 30 сая тонн ачааг тээвэрлэх зорилт тавьсан “УБТЗ” ХНН хувьд транзит тээврийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өгөөж талаас өндөр ач холбогдолтой юм.
ОХУ-Монгол-БНХАУ гэсэн эдийн засгийн чөлөөт коридор байгуулахын тулд Монгол, Орос, Хятадын төмөр замын тээвэр логистикийн хамтарсан компани байгуулах боломжийг судлахаар гурван улсын төрийн тэргүүн тохиролцсон.
2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурагдсанаар транзит тээврийн шинэ шатанд Монгол Улс шилжин орох юм. Үүнээс өмнө Азийн улс орнуудтай тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарт онцгой анхаарал хандуулан гэрээ хэлэлцээрийг байгуулж байна.
“Корейл корпораци” нь БНСУ-ын хамгийн том төмөр замын сүлжээг эзэмшигч компани бөгөөд Азийг Европтой холбох Монгол Улсын санаачлагыг дэмжиж буйгаа ийнхүү илэрхийлээд байгаа юм. Тус корпораци Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн ажилтнуудыг чадавхижуулах, зардлыг бууруулах чиглэлд туршлагаасаа хуваалцан ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хамтрана.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ