Сагсан бөмбөгийн 2019 оны ДАШТ-д “хар” тивийг төлөөлөх таван улсын нэг бол Атлантын далайн зүүн эргийн Ангол улс юм. Анголын сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцож буй Африк тивийн бусад шигшээ багуудаа бодвол харьцангуй туршлагатай, хамгийн олон удаа оролцож буй аж. Тодруулбал, тэд сүүлийн таван ДАШТ-д дараалан оролцож байгаа нь Африк тивдээ сагсан бөмбөмбөгийн дэлхийн аваргад хамгийн олон жил дараалан оролцсон амжилтын эзэд болоод байгаа юм. Анголын сагсан бөмбөг хоёр мянганы зааг үед эрчимтэй хөгжсөн бөгөөд анх 1992 оны Барселоны олимпийн наадамд анх оролцсон бол сагсан бөмбөгийн ДАШТ-д анх 1986 онд оролцсон байдаг. Нийтдээ олимпийн наадамд таван удаа оролцсон ч 2012, 2016 онд оролцож чадаагүй. Тэгвэл тус баг ийнхүү ДАШТ-д найм дахь удаагаа оролцоход бэлэн болжээ.
Анголын шигшээ баг Африк тивээс эхний шатанд С хэсэгт Египет, Ардчилсан Конго болон Марокко улсын шигшээ багуудтай багтаж хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарсан. Африкийн бүсийн II шатанд маш өрсөлдөөнтэй, хүнд тоглолтуудыг хийсэн. Ялангуяа хэсгийн шатандаа Камеруны хүчирхэг шигшээ багийг 83:76 харьцаатай хожсон нь Анголын шигшээ багийг Хятад руу ирэх үүдийг нээж өгсөн. Тэрбээр II шатны өрсөлдөөнд Тунис, Камерун, Египет, Марокко, Чад улсын шигшээ багуудтай өрсөлдсөн бөгөөд 9 хожил, 3 хожигдолтой хүснэгтийн 2-р гарч, дэлхийн аваргын эрхээ авсан бол Камеруны шигшээ баг хүснэгтийн 3-р байранд орж, дэлхийн аваргад ирэх боломжгүй болсон.
Анголын шигшээ багийг ДАШТ-д оролцох эрхийг авахад хамгаалагч К.Морайс, Л.Пауло, О.Циприано нарын оролцоо маш их байсан. Анголын шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн ерөнхийдөө 30-аас дээш насны харьцангуй ахмад, туршлагатай тоглогчид бүрдүүлж байна. Африкийн АШТ-д 1981 оноос хойш анх удаагаа медалиас мултарсан Анголын шигшээ баг тийм ч өндөр хүлээлттэйгээр Хятадад ирэхгүй. Учир нь ахмад, туршлагатай тоглогчдоос бүрдэж байгаа ч орчин цагт холын зайн шидэлт, хурдад тулгуурлаж байгаа сагсан бөмбөгт тэдний тоглолт унах магадлал тун өндөр юм. 2017 оны Африкийн АШТ-д анх удаагаа медальгүй хоцорсон нь Анголын шигшээ багийн хүч сул байгааг илтгэж байна. Багийн ганц хөдөлгүүр нь самбартаа Я.Морейра байх болов уу? ДАШТ-д эхний тоглолтоо Сербийн хүчтэй багийн эсрэг хийнэ. Сербийг орхиод Итали болон Филиппиний шигшээ багтай хожил авахын төлөө тоглох боломжтой.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ