Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Онон, өврийн Богд, Чигэстэй, Хангай нурууны арын Идэр, Орхон зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хангайн нуруунаас эхтэй Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул гол, Лүн орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ