Нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлнө

Нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлнө

Нийслэлийн газар зохион байгуулах алба өнөөдөр/2019.08.13/ Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/688 дугаар захирамж гарчээ. Уг захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэхээр тусгагдсан аж.   

Одоо чөлөөлж буй газар бол Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг орон сууцны зам руу харсан хашлага хана юм. Уг нь энд хүүхдийн тоглоомын талбай байжээ. Гэвч замаас тусгаарлах хана бариад арваад жил болсон байна. Энд гэр оронгүй хүмүүс хоноглож, архи уух нь элбэг. Түүнээс гадна хоёрдугаар сургууль ойр учир өсвөр насны хүүхдүүд тамхи ихээр татдаг аж. Энэ нь оршин суугчдын амьдрах орчин нөхцөлд хүндрэлтэй, дээр нь болж бүтэхгүй асуудал үүсэх шалтгаан болж байгаа юм. Тиймээс тус байрны оршин суугчид болон Цагдаагийн байгууллага санал хүсэлт хүргүүлж, Нийслэлийн газар зохион байгуулах алба судалгаа хийсний үндсэн дээр буулгах арга хэмжээ авч байна. Энэ талаар тус албаны газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий мэдээлэл өглөө.

-Газар чөлөөлөх арга хэмжээг хэдэн байршилд хийж байгаа вэ, ажлын явц хэчнээн хувьтай байна?

-Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ жил гурав дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өмнө нь хавар 322-р захирамжийн дагуу 170 байршилд газар чөлөөлөлтийн ажил явагдсан. Мөн хашаа арга хэмжээний хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Ажлын явц 20 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 24 байршилд газар чөлөөллөө. Бид өнөөдөр орон сууцны хажуугийн хашлага нурааж байна. Энд сургуулийн хүүхдүүд тамхи татаж, улмаар зодоон цохион хийж, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа гаргаж байсан. Мөн орон гэргүй иргэд ихээр бөөгнөрч архи уух, ил задгай бие засах гээд оршин суугчдын амьдрах орчин нөхцөл үнэхээр хүнд байв. Тиймээс энэ газрыг чөлөөлөх шийдвэр гарч, арга хэмжээ авч байна. Голдуу нийтийн эзэмшилд хамаарч буй явган хүний зам, зорчих хэсгийг буулгасан

-Тухайлбал явган хүний замыг таглаж барьсан хэчнээн барилга байгаа вэ?

-Одоо захирамж дээр 198 газар байна. Өмнө нь бол 171-ийг чөлөөлчихсөн байгаа. Бид байнгын судалгаа хийж шинэчлээд, төлөвлөгөө нэмж гаргадаг. Цаашдаа Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт тус тус гурван газар чөлөөлөхөөр ажиллаж байна.

-Тухайн байгууллагаас эсэргүүцэх зүйл байна уу? Зөрчилтэй аж ахуй нэгжид хуулиар ямар торгууль, шийтгэл ногдуулдаг вэ?

-Ер нь аж ахуй нэгжүүдийн эсэргүүцэлтэй нэлээн тулгарч байна. Зарим нь өөрөөсөө зардлаа гаргаад бидэнтэй хамтарч ажиллах тохиолдол ч байгаа. Нийтийн эзэмшлийн талбайд барилга, байгууламж барьсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар зүйчлэгдэж явна. Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ тооцдог. Иргэн 500 мянга, аж ахуй нэгж бол таван сая төгрөгөөр торгохоор зохицуулагдсан байна. Үүн дээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид арга хэмжээг тооцож явдаг байгаа. Өнгөрсөн хугацааны арга хэмжээний тайланг ав нэгтгэхэд 31 орчим сая төгрөгийн торгуулийг иргэн, аж ахуй нэгж дээр тавьсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан тохиолдолд нураах ажиллагааг гүйцэтгэх зардлыг газрын тухай хуулиар тухайн буруутай аж ахуй нэгжээс гаргана гэсэн заалттай байдаг. Гэхдээ энэ хашааны хувьд эзэн холбогдогч тодорхойгүй байгаа учраас зардлыг улсаас гаргаж байгаа аж. Юутай ч уг газрыг чөлөөлснөөр энэ хавийн оршин суугчид ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.

Тус дүүргийн 8-р хорооны иргэн н.Даваасүрэн ярихдаа: “Цонхоор харж байхад өсвөр насны хүүхдүүд их тамхи татаж байна. Ялангуяа охид хэд гурваараа нийлээд тамхи зуучихсан харагдах юм. Үүнд би их эмзэглэдэг. Хүмүүс архидаж, хонож, хоорондоо зодолдож байна. Ерөөсөө энэ хана л ийм орчин үүсгээд байгаа хэрэг шүү дээ. Сүүлдээ цонх хагалчих вий гэсэн айдастай байх болсон. Ингээд чөлөөлж байгаа нь сайн хэрэг юм” гэв.

Энэ мэт шинээр байшин, барилга барихдаа явган хүний зам руу оруулсан тохиолдол бишгүй бий. Иргэд энэ тухай мэдээллийг холбогдох хүмүүст яаж өгөхөө тэр бүр мэддэггүй. Тэгвэл шуурхай албаны  дугаар болох 310005 руу залгаж мэдэгдэж болох юм байна. Мөн газар зохион байгуулалтын алба болон харьяа дүүргийнхээ газрын албанд санал, хүсэлтээ гаргаж болно. Цахим орчинд бол Нийслэлийн газар зохион байгуулах албаны хуудсанд хандалт хийх боломжтой. Үүний дагуу холбогдох хүмүүс судалгаа хийж, чөлөөлөх ажиллагаа явуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж