Т.Содной: Бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

ДОПИНГ

Т.Содной: Бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой

Сүүлийн жилүүдэд манай бөхчүүдээс допингийн асуудал салахаа байсан. Өчигдөр гэхэд /2019.08.12/ шинжилгээ өгсөн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн талаар “Үндэсний бөхийн комисс”-ын дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Үүнтэй холбогдуулан бид өөрийн амьдралын жараад жилийг Монгол бөх судалж, ном бичиж хэвлүүлсэн Т.Содной гуайтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, биологийн ухааны доктор, профессор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, нас сүүдэр 90 дөхөж яваа буурал юм.  

-Үндэсний бөхийн үүх түүхийн талаар та олон ном бичжээ. Энэ спортыг хэдийнээс яагаад судлах болов оо?

– Би 1931 онд төрсөн хүн. Хүүхэд байхаасаа л бөхөд хорхойтой, сонирхож явдаг хүүхэд байв. Хаана бөхчүүд байна би тэнд явна. 1951 оноос хойш улсын наадам тасралтгүй үзсэн хүн. Бөхчүүдийн яриа хөөрөө, харилцаа, зан араншин, өмсгөл зодог шуудаг тэр бүү хэл үсний засалтын хэв маягийг хүртэл хажуунаас нь кино үзэж байгаа юм аятай харж явсан хүн. Одоогоос таван жилийн өмнө би “Бөхийн холбоо”-нд “Монгол бөхийн нэвтэрхий толь” хийх санал тавьсан юм. Энэ саналыг маань тус холбоо хүлээж аваад ном бүтээх үйл хэргийг эхэлж, миний бие шинжлэх ухааны зөвлөгөө өгөх, өгүүллэг бичих, редакторлах үүргийг хүлээсэн юм. Ингээд “Монгол бөхийн нэвтэрхий толь” хэмээх 80-аад хуудастай ном хэвлэгдсэн. Энэ бол Монгол хүний биеийн болоод оюуны соёлын их баримтыг түүхэнд үлдээсэн явдал юм. Үүнээс гадна олон ном, өгүүллэг, нийтлэл бичиж байсан.

-Түүхийг судалж байхад Монгол бөх, эр хүн бие бялдар, зан байдлын хувьд ямар байсан бэ? Орчин үед өөрчлөгдсөн болов уу?

-Ерөөс Монгол эр хүнийг бөхчүүдээр төлөөлүүлэн ойлгодог байв. Монгол бөхчүүд гэдэг бие бялдрын хувьд өргөн ханхар, хүч тэнхээтэй, оюун ухаан цэлмэг, зан байдал ёс жудагтай, тайван дөлгөөн, хамгийн гол нь сэтгэл цэвэр байсан юм. Одоо харж байхад тэр хэмжээнд арай л хүрэхгүй байна уу даа гэж зарим талаар бодогддог. Яах вэ, бөхийн ногоон дэвжээн дээр юу ч болдгийг бид сайн мэдэхгүй залуу бөхчүүд хор шартай, зоригтой байх үе бий. Ард олноо баясгах даацтай барилдаан үзүүлэх гэж хүч үздэг хүмүүс. Гэхдээ бөхчүүд маань барилдахдаа сэтгэл цэвэр байхыг чухалчлах хэрэгтэй. Сэтгэл цэвэр гэдэг нь шударга барилддаг, ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл үзүүлдэггүй гэх мэт чин үнэнч байдлыг хэлж байгаа ухаантай.

-Сэтгэл цэвэр байх ёстой гэж та хэллээ. Үүнд ямар нэгэн сэргээш хэрэглэхгүй хүч тэнхээ, оюуны бяраар чин үнэнчээр өрсөлдөх орно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, энэ ч бас хамаатай. Дээхэн үеийн бөхчүүд бяр хүч, оюун ухаанаа шавхан, хамаг анхаарлаа хандуулан цэвэр сэтгэлзүйгээр шударга өрсөлддөг байсан. Хаана хүч бяр нь жигдэрсэн бөх байна, түүнтэй барилдах гэж үзнэ. Өөрийгөө хурцална. Амралтын өдөр бүрээр Хөдөлмөр, Барилгачдын нийгэмлэг, Спортын ордон гээд заалны барилдаанууд их хийнэ. Бөхийн спорт хувь хүнээс тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, сэтгэлзүйн хатыг эн тэргүүнд шаарддаг. Үүнд л залуу бөхчүүд маань хугарахгүй, нугарахгүй байх нь зүйтэй.

-Шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн тухай ид шуугиж байна. Дор бүрнээ хэн бол гэсэн таамаг дэвшүүлж байна. Хэн ч байлаа гэсэн олон жил бөх судалж, дурладаг хүний хувьд энэ мэдээ танд урам хугармаар сонсогдох байх даа

-Хайран бөхчүүд минь. Яагаад ийм юм хэрэглэчихэв ээ. Уг нь хэрэглэх огт хэрэггүй юмсан гэсэн харамсах сэтгэл төрж байна. Хайран бөх дөө гэж. Тэр сайхан өсөх ирээдүйтэй залуу бөх допинг яагаад хэрэглээ вэ гэдгийн цаана мөнгөний асуудал байна гэж би харж байна. Ерөөсөө л бөхчүүд допинг хэрэглэж буй нь мөнгөтэй холбоотой.

-Нөгөө талаас бөхчүүд өөрсдөө мэдэхгүйгээр хэрэглэчихээд байна уу?

-Үгүй. Допинг хэрэглэсэн бөхчүүд гэмтэл, бэртэл аваад эм уучихсан, хориотой бодис байсныг мэдсэнгүй гэж ярьдаг. Энэ бол худлаа. Үнэндээ үүнийг хэрэглээд амар хялбар аргаар болж өгвөл улсын наадамд түрүүлчих юмсан хүсэл тэднийг хорлоод байна.

Нэг, хоёр наадамд түрүүлж болох юм. Гэтэл энэ цаанаа олон сөрөг үр дагавартай гэдгийг мэдэхгүй байна. Наанадаж өөрийнх нь эрүүл мэнд, цаашдаа өөрийг нь залгах үр хүүхэд олоход нөлөөлнө гэдгийг ойлгохгүй байна. Маргаашийг тэр бөх ердөө бодохгүй байна. Өнөөдөр л түрүүлэх асуудал чухал байна. Яагаад гэвэл энэ чинь мөнгөтэй холбоотой. Өөрөөр хэлбэл түрүүлсэн бөхөд өгч байгаа бай шагналтай холбоотой. Монголчууд бүтэн жилд ганц удаа бөхчүүдээ барилдуулж, баярлаж цэнгэдэг. Харин Японы сумо өрөөсгөл сар бүхэн барилдаантай байна. Шагнал урамшуулал гардуулахад эзэн хаан өөрөө оролцож, насан туршдаа хадгалах, үр хойчдоо үлдээх асар дурсгалтай том цомыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг. Мөнгө яах вэ дагалддаг байх, гэхдээ энэ гол биш. Гэтэл манай Монголын хувьд түрүүлсэн бөхчүүддээ байр, машин гээд хэрэглээний материаллаг шагналаар их урамшуулдаг болж. Энэ нөгөө талдаа бөхчүүдийг эдийн сонирхолтой, шуналтай болгож байна. Үүнийг дагаад ямар ч аргаар болов түрүүлэх сонирхолтой болох, допинг хэрэглэх, найраа хийх зэрэг сөрөг талууд үүсээд байна.

-Таны хэлж байгаатай санал нийлж байна. Дэлхийд өнөөдөр оюун ухаанаараа гайхуулж буй хүүхдүүдээ олигтой урамшуулахгүй байж, бөхчүүдийг хэтэрхий туйлширч шагнах юм гэж шүүмжлэх хүмүүс байдаг?

-Шагнаж урамшуулалгүй яах вэ, гэхдээ заавал материаллаг байх албагүй шүү дээ. Үр удамдаа үлдээх, нутгийн олондоо бахархал болох үлдэцтэй дурсгалын зүйл өгвөл яасан юм бэ гэсэн санаа юм. Хоймортоо залаад тавьчихдаг, орсон гарсан нутгийн олон бахархан харж, хүндэтгэдэг, магадгүй олон жилийн дараа музейд үзмэр болоод эзнээ мөнхлөх тийм л дурсамжийн зүйл хэрэгтэй байгаа юм. Төрийн наадамд гурав дараалан түрүүлсэн бөхийг ард түмэн асар их хүндэтгэж байна шүү дээ. Ийм л бөхөө тэр дурсамжийн цомтой, өөр бусад урамшууллаа давхар өгөөд явбал их зүгээр. Түүнээс биш нэг удаа түрүүлээд байр, машин өгөөд байвал бүгд л нэг удаа түрүүлэхийн дон тусаж, юу ч хэрэглэхээс буцахгүй болно. Тэгэхээр энэ шагнал урамшуулал өөрөө мөнгө даллаж, мөнгө  бөхчүүдийг допинг хэрэглэхэд хүргэж байна.

-Бөхийн түүхэн замналыг харж байхад түрүүлсэн бөхөд ямар шагнал урамшуулал өгдөг байсан бол?

-Богдын Засгийн газрын үед бөхчүүдийн шагнал урамшуулалд төчнөөн төгрөг, чихэр, боов, хадаг гээд тогтоочихсон зүйл байсан. Ухаандаа Маршал Х.Чойбалсангийн үед ямар шагнал өгч байж вэ гэж судлаачид сонирхсон байдаг. Тэгэхэд тухайн түрүүлсэн бөхөд яг таарсан сайхан Монгол дээл Маршал өөрөө гардуулж өгч байжээ. Зөвхөн тэр бөхөд зориулж, захиалж хийлгэсэн дээл гэдэг тухайн бөхийн хувьд хамгийн том шагнал. Одоо түрүүлж байгаа бөхчүүдэд үр хүүхдэд нь үлдэх ийм дурсгал өгдөг болов уу даа. Өнөөдрөө харсан шагналууд байдаг учраас залуус маань ирээдүйгээ, өөрийгөө золин байж зүтгэдэг байх.

-Залуу бөхчүүдийг залж, зөв зүг рүү хөтөлж, чиглүүлж явах ёстой ахмад аваргууд маань хаана, юу хийж байна вэ? Монгол бөхийн хөгжилд тэдний оролцоо бас их чухал?

-Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт суран Дамбий гэж Засагт ханы наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн нэртэй бөх өвгөн байлаа л даа. Их сайхан том биетэй. Тэр хүн бөхчүүдийг тойруулчихаад хууч яриа дэлгэнэ. Тэгэхдээ бөхийн дан сайхан зан чанар, ёс суртахуун, уламжлалын тухай ярина. Хэрэв баяр наадмын үеэр ямар нэгэн асуудал үүсвэл түүнийг шууд таслан зогсоох нөлөөтэй байлаа. Одооны аваргуудыг ажиглаж байхад зарим нь зөв сайхан үлгэр дууриалал болж байхад зарим нь буруу зам руу хөтлөх жишээтэй. Бөхийн холбооны дөрөвдүгээр их чуулган нэгдлийн холбооны байранд бараг арван хэдэн жилийн өмнө болсон санагдаж байна. Би түүнд төлөөлөгчөөр оролцож байсан юм.

Монгол бөхийн холбооны тэргүүн сонгох асуудлаар олон хоног тасралтгүй хуралдсан. Тэнд аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, О.Балжинням болон улсын цолтой залуу бөхчүүд ч байсан. Тэгэхэд би нэг юм ажигласан. Ж.Мөнхбат аварга нэг ч үг тэр хурал дээр хэлээгүй бас хэрэлдээгүй. Тэгсэн мөртлөө хурлын завсарлагаанаар асуудлыг ёжлох маягаар хэлээд өнгөрч байв. Харин хэдэн өдөр үргэлжлэх хэрүүлийг Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй дөрөв, таван хүн л гаргаж байгаа юм.

Бөхчүүд маань хоёр хуваагдчихдаг. Ард түмэн алийг нь зөв гэхээ мэдэхгүй. Гэтэл Монгол бөхийн дотор бий болсон зүй зохисгүй асуудал арга барилын хувьд янз бүрээр нэмэгдээд байна. Үүнийг төрийн оролцоотой хуулийн хүчээр цэвэрлэх ёстой.

-Та Үндэсний бөхийн ёс зүйгүй асуудалд төр оролцож, зохицуулах ёстой гэж хэлэх гээд байна уу. Уг нь Монгол бөхийн холбоо гэж байгууллага байгаа шүү дээ?

-Тийм ээ, гэхдээ эрх мэдэл нь хүрэхгүй байна. Төрийн зүгээс хууль, зарлиг гээд эрхзүйн үүднээс бөхчүүдийн дотоод хагарал, хэрүүл тэмцэл, одоо тэр допингийн асуудлыг хүртэл шийдэх хэрэгтэй гэж хэлэх байна. Буруу зүйлийг засаж залруулах ёстой. Бөхчүүдээ талцуулчхаад  хараад сууж хэрхэвч болохгүй. Үүний цаана бөхөө хүндлэх ард түмний итгэл, сэтгэл явж байна шүү дээ.

-Үүнийг ер нь цаашдаа яаж шийдэх ёстой вэ, яавал бөхчүүд үнэн, шударга, эв нэгдэлтэй байх вэ, сэргээш хэрэглэхгүй байхад яаж анхаарах вэ, цолыг нь хураагаад л шийдчих үү?

-Үгүй. Хамгийн гол нь бөх хүн өөрөө шийднэ. Хууль гаргалаа, торголоо, барилдах эрхийг нь хаслаа гээд ямар ч нэмэргүй. Тэгэхээр Монгол бөх барилдахад цэвэр сэтгэлзүй хамгийн чухал. Допинг хэрэглээд түрүүлж байгаа, хэрэглээгүй цолгүй үлдэж буй бөх хоёрт асар их ялгаа бий. Эрт үеийн Монголчуудын цэргийн гурван эрдмийн нэг бол Монгол бөх байсан. Түүхийн явцад үндэсний бөхийн спорт болж хөгжсөн түүхтэй. Энэ спортоор хичээллэсэн хүний бие болоод оюун ухаан, сэтгэлийн дотоод ертөнц давхар хөгжиж байдгаараа онцлогтой. Дэлхийн бусад улсын бөхийн төрлөөр Монголчууд амжилт их гаргадаг. Үүний суурь нь бол үндэсний бөх юм. Тэгэхээр энэ сайхан үндэсний спортоо бид хүндэлж, хамгаалж байх ёстой. Үүнд өөрийгөө бөх гэж боддог хүн бүхэн хамаатай гэдгийг судлаач хүний зүгээс хэлмээр байна. Үндэсний бөх бол миний амьдралын нэг хэсэг. Нас дээр гараад сонсгол, хараа муудсан ч барилдаан эхлэхэд бал, цаасаа бариад л зурагтынхаа дэлгэцэд наалдчихдаг хүн би. Уран мэхтэй шударга барилдаан үзчихвэл түүнээс илүү баяр, цэнгэл үгүй мэт. Дээр үеийн бөхчүүдийн далбаа гэхэд хаанаас ч бариад авахаар гогцоо байсан. Тийм далбаатай байхад хэрэглэж байсан олон мэх одоо хэрэглэгдэхгүй байна. Бадамсэрээжид арслангийн яриад байдаг сээрэн дунгуу гэх мэт мэхнүүдийг олж харахгүй удаж байна. Гэхдээ л би одоог хүртэл Монгол бөхөө үздэг, хайрладаг, шимтдэг хэвээр.

Д.Содной гуайтай ярилцаж суухад Үндэсний бөхөд үнэхээр хайртай хүн юм гэсэн бодол төрж байлаа. Бөхийн тухай яриа эхлэнгүүт үүх, түүхийг нь цаг хугацаатай нь тоочоод ярих юм билээ. Тэрбээр "Уг нь би бөхчүүдээ их хүндэлдэг, дандаа сайн сайхан, гэрэлтэй бүхнийг дурдмаар байна. Гэтэл саар зүйлүүдээ засаж, залруулахгүй өнгөрч хэрхэвч болохгүй" гэсээр яриагаа өндөрлөсөн юм. Танд эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж