&#34Бүх хүүхдийг шалгаж чадаагүй байх вий гэж эмзэглэж байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

&#34Бүх хүүхдийг шалгаж чадаагүй байх вий гэж эмзэглэж байна&#34

МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны хуралдаанаар 14 болон 16 насны шигшээ багийг удирдах дасгалжуулагчдыг сонгосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа 14 хүртэлх насны шигшээ багийг удирдахаар болсон “Хараацай” клубын дасгалжуулагч Э.Шинэбаяртай уулзаж бэлтгэл сургуулилтын талаар цөөн хором ярилцлаа.

-14 хүртэлх насны Зүүн азийн хөлбөмбөгийн фестиваль урд хөршид 9-р сард зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын ирц хэдэн хувьтай байна. Өөрийн хүсэж байсан тамирчдаа сонгон шалгаруулах бэлтгэлдээ хамруулж чадав уу ?

-Энэ сарын 7-9 өдрүүдэд клубын дасгалжуулагч нартай холбогдож ярилцлаа. Үүний үндсэн дээр санал болгосон сайн гэсэн тамирчдыг цуглуулан бэлтгэлдээ гараад байж байна. Энэ дундаас цөөн тооны хэдэн тамирчид идэрчүүдийн УАШТ тоглож байсан сайн тамирчид байгаа. Ер нь бол бүх клубуудад хандсан. Олон чадварлаг тамирчдыг нэгтгэхийг хичээлээ, зорьлоо. Дараагийн нэг онцлог нь гэвэл 2001 оны тамирчдаар түлхүү багаа бүрдүүлэхийг хичээлээ. Бодлогийн хувьд энэ нь маш зөв алхам юм. 2002 оны цөөн тооны хүүхдүүд багтаж байна. Гэхдээ миний хувьд нэг зүйлээс болгоомжилж байгаа нь өөр сайн тамирчдыг орхичих вйи гэсэн болгоомжлол. Тухайлбал Дархан-Уул, Орхон, Ховд, Төв зэрэг аймгуудаас сайн сайн тамирчдыг авахыг хичээж санал хүргүүлсэн байгаа. Баяр наадам үргэлжилж амралтын байдалтай байгаа болохоор тамирчдыг цуглуулахад бага зэрэг хүндрэлтэй байна. Яаг одоогийн байдлаар 36-38 тамирчин шалгуулаад байна.

-Эцсийн байдлаар үндсэн багт хэдэн тамирчин дуудагдах вэ? Урд хөршийг зорих танай багийн бүрэлдэхүүн ямар байх вэ ?

-18 тамирчдын бүрэлдэхүүнтэй тэмцээнийг зорино. Үүнд 2 хаалгач, талбайн 16 тамирчин байх юм. Туслах дасгалжуулагчаа хараахан сонгож амжаагүй байна. Хоёр хүнд санал хүргүүлсэн байгаа ч хариу ирээгүй байна. Ажил төрөл төлөвлөсөн, мөн амралтын байдалтай байгаа болохоор бас нааштай хариу ирээгүй л байна.

-Шигшээ багтайгаа амжилт үзүүлэхийн тулд хугацаа шаардлагтай гэдэг нь ойлгомжтой. Үндсэндээ хоёр сар хүрэхгүй хугацаа байна. Танд боломж хэр харагдаж байна ?

-Бэлтгэл хийх хугацаа тийм ч богино биш байна. Энэ хооронд багтайгаа ойлголцож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бэлтгэлээ бид бүхэн үндсэн 3 хэсэгт хувааж хийхээр төлөвлөөд байна. Одоогоор сонгон шалгаруулалтаа хийж хувь тамирчнаа таньж авах ийм алхамуудыг хийж гүйцэтгэж байна. Үүний дараа эрчимтэй бэлтгэлээ хийж дунд хэсэгтээ бага зэрэг сулруулсан бэлтгэл хийж улмаар сүүл хэсэгт тактикийн бэлтгэл, илүү тоглолт руу хандсан бэлтгэл хийхээр төлөвлөөд байна. Тоглолтын бэлтгэл нь өөрөө их үр дүнтэй байдаг. Эндээс бид бүхэн алдаагаа харж засаж залруулах боломжтой юм. Үүнээс өмнө бид ерөнхий биеийн бэлтгэл, сайжруулах бэлтгэлээ базааж илүү хувь тоглогч руу анхаарах бодолтой байна. Бүлгийн бэлтгэл мөн маш их чухал. Бүтэн багийн бэлтгэл бол 2-р хагасд түлхүү хийгдэнэ.

-Тэмцээний өмнө зохион байгуулах оронд очиж багуудтай хамтарсан бэлтгэл хийх боломж бий юу ?

-Зүүн азийн бүсэд 10 орон байна. Үүнээс Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад гэсэн дөрвөн орон бол бусдаасаа арай илүү түвшинд байгаа. Үүнийг хөлбөмбөг сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ямархуу материаллаг баазад бэлтгэлээ хангаж байгаа билээ. Бид бүхэн үүнийг сайн мэдэхгүй.  Хэдийгээр 14 нас ч гэсэн бас бага зэрэг ялгаа гарна гэсэн эрсдэлийг би тооцоолоод байгаа. За үүний дараагаар Хонг Конг, Тайвань, Макао, Гуам гэсэн мөн ижил түвшиний 4 орон байна. Гуам болон Макао гэсэн орнууд 10-аад жилийн өмнө манай оронтой ойрхон өрсөлдөж байсан ч бодлогоо зөв баримталж бас л хурдацтай хөгжөөд байна. Эцэст нь зүүн Маяамийн арал болон манай орон багтаж байна. Нуулгүй хэлэхэд манай орны баг сүүл мушгиж байгаа гэж бодож байна. Ингэж бодох нь нэг талаараа ашигтай. Бид бүхэн үүнийг өөрчлөж шат ахиулахын тулд л бэлтгэлээ базааж тэмцээнд оролцох гэж байна.

-Амжилт үзүүлж эдгээр шилдэг багуудтай эн тэнцүү тоглолт үзүүлэхийг хөлбөмбөг сонирхогчид хүсэж хүлээж байгаа. Иймийн тулд дасгалжуулагч хүний тактик, арга барил маш чухал. Таны хувьд юуг илүү анхаармаар байна. Судалгаа хийж ажилласан зүйл юу байна ?

-Ер нь бол өмнө нь олон улсын тэмцээнд оролцож шигшээ багийг удирдан фестивальд оролцож  байсан багш дасгалжуулагч нартай уулзаж ярьлаа. Ямар түвшинд тоглодог, анхаарах гол зүйлүүдээ мэдэж авлаа.  Үүнээс үүдээд зөвхөн ганц биш олон төрлийн тактик боловсруулж, ямар ч нөхцөлд бэлэн байхаар ажлаа төлөвлөөд байна.

Эх сурвалж: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж