Хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер 400, 100 метрийн амжилтын эзэн Б.Солонготой ярилцлаа.
-Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Хэд хэдэн амжилтыг эвдсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа дэлхийн стандартад нийцсэн зам дээр болсон. Шинэ зам надад их ээлтэй байлаа. Ойрын зайн гүйлтийн хоёр төрлийн амжилтыг шинэчилсэн юм. Энэ нь 33 жилийн дараа 200 метрийн зайн гүйлтийг 24.79 секунд, мөн 15 жилийн дараа 400 метрийн зайн гүйлтийг 55.33 секунд болгож дээд амжилтыг тогтоосон. Бас охидын багаараа 33 жилийн дараа 4х100 буюу буухиа гүйлтийг 3.56 секунд болгосон амжилттай байлаа.
-Улсын аваргынхаа тэмцээний бэлтгэлийг урд хөршид хийсэн гэж сонссон?
-Яагаад Хятадад хийдэг вэ гэхээр Монголд өвөл, намартаа бэлтгэл хийх 200 метрийн тойрог замтай манеж буюу битүү стадион байдаггүй учраас хүйтний улиралд бэлтгэл хийх боломж байдаггүй. Тиймээс ойр болон зардал мөнгө бага ордгоор нь Хятад улсад хятад багштай бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэхдээ энэ жил анх удаа Хятадад бэлтгэл сургуулилтаа хийсэн. Гэхдээ байр болон хоол унд гээд бүх зардлаа өөрөөсөө гаргадаг нь хэцүү байдаг.
-Хэзээнээс энэ спортоор хичээллэх болсон юм бэ?
-Би Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул хүүхэд. Дунд ангиа Хэрлэн сумандаа төгсөж байсан. Энэ үед сургуулийн спартикадад оролцож олон удаа түрүүлсэн. Энэ үеэс миний авьяас тодорч Г.Сүхбаатар багшийнхаа удирдлага доор хөнгөн атлетикаар хичээллэх болсон.
-Өмнөх амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Өсвөр насанд минь “Монголын хамгийн хурдан хүүхэд” гэсэн тэмцээн болдог байсан. Үүнд таван жил дараалан түрүүлсэн. Мөн ОХУ, Хятад, Монгол Улсын хүүхдүүдийн тэмцээн болдог. ОХУ-д болсон тэмцээнээс хоёр алтан медаль хүртэж байсан амжилтууд байгаа.
-Ямар мэргэжилтэй билээ. Одоо ямар ажил хийдэг вэ?
-2017 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг эрүүл мэнд, биеийн тамирын багшаар төгссөн. Одоо бол “Алдар” спорт хорооны 015 дугаар цэргийн ангид харьяалагдаж Х.Уянга багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна вэ?
-Одоо ОХУ-ын Эрхүү хотод болох тэмцээнд явахаар төлөвлөөд байна. Ер нь гадагшаа тэмцээн уралдаанд явъя гэхээр мөнгө санхүүгийн хувьд асуудал их байдаг. Хувийн зардлаар явдаг. Энэ удаа мөн хувийн зардлаар явах гэж байна.
-Гэр бүлийн зүгээс яаж хүлээж авдаг вэ?
-Гэр бүлийн зүгээс сайн дэмждэг. Тэр тусмаа ээж минь миний үнэнч фэн. Оролцсон тэмцээн бүрийг минь заавал ирж үздэг. Бэлтгэл сургуулилт хийх боломжоор үргэлж хангадаг.
-Цаашдын зорилго тань юу вэ?
-Олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцохын төлөө өөрийгөө дайчилж бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөнгө санхүү, амьдрал ахуйгаа хойш тавьж энэ спортыг сонгосон. Тиймээс миний зорилго бол Олимпод оролцох. Гэхдээ шантрах үе байсан. Тэр болгонд өөрийгөө хурцалдаг. Тамирчин хүнд шантрах эрх байхгүй гэж боддог. Миний өнөөдрийн амжилт бол үргэлж ард минь байж тусалж дэмждэг гэр бүлийнхэн болон анхны багш Г.Сүхбаатар, өлгийдөж авсан багш Ч.Болдбаатар, Х.Уянга нарын минь ач гавьяа шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин