Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан 16 бөхийн допингийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхөөс допинг илэрсэн дуулиан дэгдээд байгаа билээ. Шинжилгээ өгсөн бөхчүүдээс 15 нь допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн. Харин энэ жилийн наадмын түрүүг авч, аварга цол хүртсэн Э.Оюунболд одоогоор бусад бөхчүүдийнхээ жишгээр тайлбар хийгээгүй байгаа. Тэгвэл Л.Чинбат нарын тэргүүлдэг Монголын Үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболд аваргад хандан дараах шаардлага хүргүүлжээ.
ШААРДЛАГА:
"Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна.
Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “…Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй…” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна.
Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.
- Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах
- Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
- Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
- Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
- Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
- Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
- Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
- Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
- Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах гэжээ.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор хориотой бодис хэрэглэсэн бөхийн мэдээллийг 10 хоногийн дараа олон нийтэд зарлана гэж заажээ. Үүний дагуу энэ жилийн 16 бөхийн шинжилгээний хариуг зарлах хамгийн ойрын хугацаа наймдугаар сарын 19 гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлсэн. Мөн хувь хүний нууц болон хувь хүний мэдээллийг хамгаалах гэсэн олон улсын заалт бий учир үүнд болгоомжтой хандах ёстойг албаныхан сануулж байна.
Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболдын аварга цолны мялаалгын наадмыг ирэх Ням гаригт Хэнтий аймагт зохион байгуулахаар тов гаргасан. Тэгвэл Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан уг товын дагуу цолны мялаалгын найр болох уу гэдэг бас эргэлзээ дагуулж эхэллээ.
Гэхдээ Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Үндэсний бөхийн холбооноос дээрх мэдээллийг ташаа мэдээлэл болохыг мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ